"ЧАДВАРЛАГ БАГШ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

Засгийн газрын хуралдаанаар “Чадварлаг багш” арга хэмжээг хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Хөтөлбөр, төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах тухай” тушаал гаргалаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2021-2030)”-д багш мэргэжилтний тасралтгүй хөгжлийг боловсролын чанарыг сайжруулах зорилтыг тусгасан. Ялангуяа суралцагчийн хөгжлийн хэрэгцээг хангасан, бүтээлч чадварлаг багшийг бэлтгэх, багшид мэргэжлийн стандартад суурилан уян хатан хэлбэрээр тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, түүнд нээлттэй боловсрол, дижитал технологи ашиглах зэрэг зорилт, үйл ажиллагааг төлөвлөжээ. Энэ хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

“Чадварлаг багш” хөтөлбөр нь багш бэлтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн ажлын нөхцөл, цалин хөлсийг сайжруулах, ажиллах нөхцөл боломж, чадвар, чадамжийг дээшлүүлэх, багшийн хөгжилд анхаарч байгаагаараа онцлог.

Багш нар ажлын ачаалал, мэргэжлийн мэдлэг, чадварын түвшин, сургалтын онцлог, нас, хүйс, туршлага, байршлаас үл хамааран бие даан хөгждөг байх нь сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, суралцагчийн сурах, хөгжих үйл явцыг илүү таньж мэдэх, ахиц амжилт гаргахад бодит дэмжлэг болох юм.


Нийтлэгдсэн: 2021-01-22 13:12:00