ОРХОН СОЁЛЫН ТӨВ
Тус сумын Соёлын төв нь Жимс ногооны САА-н клуб нэртэйгээр анх 1969 онд байгуулагдан эрхлэгч Н.Даваа, ажилтан Б.Должин нар ажлын гараагаа эхэлжээ. 1974 онд шинэ байранд орж, Сэлэнгэ аймгаас Дархан хотын мэдэлд шилжин эрхлэгчээр Д.Барамсай, кино механик, номын санч, үйлчлэгч гэсэн 4 орон тоотойгоор ажиллажээ. Байгуулагдсан үеэсээ эхлэн соёл олон түмний олон талт ажлуудыг зохион явуулж, 1986 онд Улаанбаатар хотноо тайлан тоглолтоо хийж “Намдаа өргөх аялгуу”, “Би эндээс явахгүй” концерт жүжгийг тоглон “Ардын театр”-ын цол мандат, ХАА-н яам, ХАА-н НХДЗ-ийн баярын бичиг, МПБ-ын Төв зөвлөлийн Хүндэт дипломоор шагнагдаж Ц.Каля, Х.Өнөртуяа, Х.Ганбат, Л.Нямсүрэн нарын 11 уран сайханч алтан медаль хүртсэн.
1991 онд 220 хүний суудалтай хурлын болон спортын танхим бүхий иж бүрэн соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орж захирлаар Б.Алтантариа томилогдон 11 хүний орон тоотой ажиллаж байв. Аймгийн 3 сумдын дунд зохиосон урлагийн наадамд 1-р байр эзлэн, 50 гаруй урлагийн авьяастан тодорсон ба үүний дотор СТА П.Өнөр, СТА Н.Бадамсүрэн, СТА, Улсын тэргүүний уран сайханч Ц.Каля, Г.Жавзандулам, Ардын авьяастан Т.Оролжав нар байдаг. Одоогоор Соёлын төв нь эрхлэгч, нярав номын санч, техникч, хөгжмийн багш, үйлчлэгч, сахиул гэсэн 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Хөрөнгө оруулалт, тохижилт
2003 онд бага оврын зуух тавьж дулааны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.
2013 онд “Тогтвортой амьжиргаа-2” төлийн хүрээнд 14.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 30-аад нэр төрлийн хөгжим, техник тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулсан.
ТӨВ НОМЫН САН
Номын сан нь 2000 гаруй номын фондтой уншлагын танхим 20 гаруй суудалтай, байнгын уншигч 70, жилдээ 100 гаруй уншигчдад номыг гэрээр болон танхим, явуулын номын сангийн үйлчилгээг хүргэдэг.
Номын сангийн иргэдэд үйлчлэх хүрээг тэлж номын фондоо 2016 онд 1.6 сая төгрөгийн үнэ бүхий 53 ширхэг номоор, 2017 онд 3.7 сая төгрөгийн үнэ бүхий 331 номоор баяжуулж ирсэн.
2013-2016 онд 1.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “ Орон нутаг судлах танхим”-ыг 8 дэсийн 45 ширхэг үзмэртэйгээр тохижуулан байгууллаа.
“Орхон сумын биеийн тамир спортыг хөгжүүлэх Орхон дэд хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэн дараах чиглэлээр ажиллаж байна.
1. Үндэсний спортыг хөгжүүлэх
2. Хүн амын эрүүл мэнд, бие бялдрын түвшинг тогтоох
3. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх
4. Багийн спортыг хөгжүүлэх
5. Ганцаарчилсан төрлийг хөгжүүлэх
“Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлиг, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг тусган хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад чиглэсэн “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Орхон дэд хөтөлбөр” боловсрууллаа.
Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд спортын 4 төрлөөр 8 тамирчин, Ганболдын төрлөөр 2 мөнгө, 1 хүрэл, медаль хүртжээ.
Аймаг, Бүсийн аварга шалгаруулах гар бөмбөг, сагсан бөмбөг, жудо бөх, чөлөөт бөх, дартс, бокс, үндэсний бөх, спорт явган аялал, мини гар бөмбөг, хөнгөн атлетик тэмцээний төрлөөр 27 тамирчин өрсөлдөж 21 медалийн эзэн боллоо.
Ахмадын - спортын 4 төрлөөр 12 тамирчин, насанд - спортын 4 төрөлд 47 тамирчин оролцсон.
Соёлын төв нь жилд дунджаар давхардсан тоогоор 100 гаруй үзвэр үйлчилгээгээр 20.000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ОРЧИН ҮЕИЙН НОМЫН САН ҮҮСЧ
ХӨГЖСӨН ТҮҮХЭЭС
Эрхэм зорилго:
Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, уншигч бие даан боловсрол эзэмших, номын санг иргэдийн мэдээллийн төв болгон хөгжүүлэхэд оршино.
Дархан хотын суурь тавьж хөдөлмөр бүтээл өрнөсөн энэ буурал хөндийд, тухайлбал 1964 оны намрын нэгэн налгар өдөр “Бадамын цэцэрлэг” хэмээн алдаршсан нэг давхар ганц цагаан байшингийн багаахан өрөөнд Дархан хотын номын сангийн суурь тавигдаж төр захиргаа, байгууллага, хамт олон, иргэд хөдөлмөрчдийн дэмжлэгтэйгээр 4000 орчим номтойгоор анхны галаа асаасан гэгээн түүхтэй билээ.
Тухайн үед нам засгаас номын санг хөгжүүлэх, номын сангийн боловсон хүчинг бэлтгэх талаар удаа дараа арга хэмжээ авч байсны үр дүнд, Монгол орны бүх аймаг, сум дүүрэг, байгууллага хүртэл дэргэдээ номын сантай болж хүрээгээ өргөтгөн, фондоо баяжуулсаар ирсэн хөгжил, цэцэглэлтийн арвин түүхтэй билээ.
Манай эрины 19 дүгээр зууны сүүлч 20 зууны эхэн үеийн томоохон номын сангийн нэг нь Монголын шашин төрийг хослон баригч Богд Жавзандамбын номын сан байсан бөгөөд энэ нь Халхын өндөр гэгээн Занабазарын үе буюу 17 дугаар зуунаас дамжин ирж, түүний ховор нандин түүхийн зарим бүтээлүүд нь Манай улсын Үндэсний номын санд уламжлагдан хадгалагдаж ирсэн байна.
Харин орчин үеийн номын сан нь Ардын Засгийн газрын 1921 оны 24 дүгээр тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” нэртэй байгуулахаар заасан нь түүхэн хөгжлийнхөө 90 гаруй жилийг туулсан өнөөгийн Монгол улсын Үндэсний номын сан билээ.
Төр засгаас номын санг хөгжүүлэх талаар удаа дараа арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 1930-аад оноос хөдөө орон нутагт номын сан, уншлагын газрууд байгуулагдаж эхэлсэн билээ. 1936 онд Увс аймгийн Гэгээрлийн хэлтсийн дэргэд “Аймгийн бага хурлын уншлагын газар” нэртэй номын сан, 1938 онд Ховд аймгийн нийтийн номын сангийн суурь тус тус тавигдсан нь орон нутгийн номын сангийн анхдагчид нь байжээ.
Ийнхүү төр засгаас аймаг, орон нутгийн номын сангийн үйл ажиллагааг өргөтгөн, хүрээг нэмэгдүүлж байсны тод жишээ нь 1967 онд Дархан хотын 2 дугаар номын сан байгуулагдсан явдал юм. Улмаар 1975 онд Соёлын яамны шийдвэрээр 2 дугаар номын санг “Хүүхэд залуучуудын номын сан” болгон өөрчилсөн ба 1979 онд “Залуучууд” театрын дэргэд 3 дугаар номын санг байгуулж 60.0 мянга орчим номтой, 5-6 ажиллагсадтай ажиллаж байлаа.
1986 оноос Дархан хотын нийтийн номын сангууд ЗХУ-ын туршлагаар Төвлөрүүлэлтийн системд шилжин орсон нь манай номын сангийн хөгжлийн бас нэгэн шинэ хуудас болсон. Энэ үед Соёлын яамны сайдын мөн оны 252 дугаар тушаал, хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 11 дүгээр тогтоол гарч,тус хотын номын сангуудыг төвлөрүүлэн “Дархан хотын Төвлөрсөн номын сан” гэж нэрлээд 1,2,3,4 гэж дугаар тогтоожээ. Ингэж Дархан хотын номын сангууд Төвлөрүүлэлтийн системд шилжин орсноор нэгдсэн нэг фонд, данс, бүртгэл, удирдлага, санхүүтэй болж үйлдвэр, аж ахуйн газруудын дэргэд ном олгох 9 цэг салбартай, 4 салбар номын сан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байсан түүхтэй.
Харин 1990-ээд оны эхээр Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд орж нийгмийн бүх салбарууд нийгэм эдийн засгийн хүндрэлтэй учирч оршин тогтнож ажиллах нөхцөл байдал алдагдахад хүрч үйлдвэр, аж ахуйн газруудын дэргэдэх 9 цэг, 4 салбар номын сангуудаа татан авч Төв номын сандаа төвлөрүүлэн нэгтгэж орон тоо бүтэц,зохион байгуулалтын хувьд танагдан зарим нь ажилгүй, ажилтай нь цалингүй шахам болж хүндхэн нөхцөлтэй тулгарсан хэдий ч тэр үеийн номын сангийн захирал С.Лхамсүрэн түүний хамт олны уйгагүй хөдөлмөр зүтгэлээр цаг үеийн олон чухал асуудлыг шийдвэрлэж уйгагүй хөдөлмөрлөн мэргэжил, мэргэшилдээ чин үнэнчээр зүтгэж даван туулж иржээ.
Номын сангийн боловсон хүчний тухайд 1976 оноос 1990 оны хооронд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн номын сангийн анги, Соёл урлагийн их сургуулийн соёлын салбарын номын сангийн ангийн бакалавраар төгсөгчид, ЗХУ-ын Дорнод сибирийн соёлын дээд сургуулийн номын сангийн анги төгссөн мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдан ажиллаж байна.
Цагийн хүнд хэцүү үе бүхнийг даван туулахад үнэлж баршгүй хөдөлмөр зүтгэл гаргаж байсан анхны захирал А.Сэрчин, ахмад номын санч Д.Лида, П.Бадамханд, С.Лхамсүрэн, Т.Коовой, Б.Наранцэцэг, Ч.Бадамцэцэг, Д.Гансүх, Н.Солонго, Ш.Оюунсүрэн, З.Соёлмаа, Г.Нямцэнд, Дя.Сарантуяа, Да.Сарантуяа, Ц.Долгорсүрэн, П.Булгамаа, С.Нэргүй нарын мэргэжлийн хамт олноо бахархан дурьдахад сэтгэл хангалуун байна.
2000 оноос Монголын хөдөөгийн номын сангуудад нэгэн шинэ эрин үе эхэлсэн нь номын сангийн автоматжуулалтын асуудлыг шийдвэрлэх ажил байлаа. Манай номын сан анхны иж бүрэн компьютер хүлээн авч, анх интернетийн системд нэвтрүүлсэн явдал юм. Үүний үргэлжлэл болж манай номын сангийн дэргэд 2001 онд АНУ-ын ЭСЯам, Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-ын ивээн тэтгэлэгээр “Гадаадад сурах асуудлаар зөвлөгөө өгөх төв”, 2007 онд Дэлхийн банкны “Иргэдийн мэдээллийн төв” байгуулагдсан нь номын санд шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх, иргэдийг номын сангийн үйлчилгээнд татан оролцуулах таатай боломж бүрдсэн юм. Эдгээр төвүүдийн үйл ажиллагааны үр дүнд 60 гаруй хүүхэд гадаадын ямар нэгэн тэтгэлэгт хамрагдан суралцаж, нилээдгүй тооны иргэн, аж ахуйн нэгж, Дэлхийн банкны төсөл хөтөлбөрт хамрагдан ажлын байраа нэмэгдүүлсэн нь Аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
2009 оноос олон улсын номын сангийн Дьюгийн ангилал нэвтрүүлж, номын сангийн Lib-4U програмыг ашиглаж эхэлсэн нь манай аймгийн номын сангийн бас нэгэн хөгжлийн шинэ үе байлаа. Одоо манай аймгийн их, дээд , ЕБС-иудын номын сангууд бүгд олон улсын Дьюгийн ангилалд орж, номын сангуудын 70 орчим хувь нь номын сангийн ямар нэгэн програм ашиглаж байна.
Манай номын сан нь уншигчдын мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахад ихээхэн анхаарал тавьж ажилласнаар аймаг орон нутаг, хандивлагч байгууллагуудын туслалцаа дэмжлэгтэйгээр шилэн кабельд холбогдон, электрон каталогоо интернетийн орчинд гаргасан анхны, Аймгийн нийтийн номын сан болсон нь бидний амжилтын нэг хэсэг юм.
Аймгийн Төв номын сан нь хөрш ОХУ-ын Улан-Үдэ хотын номын сангуудтай байнгын харилцаа хамтын ажиллагаатай байж олон улсын “Книжный форум”, “Байкальский информационный форум”-д сүүлийн 5-6 жил тогтмол оролцож номын сангийн захирал С.Лхамсүрэн “Монголын болоод Дархан-Уул аймгийн номын сангийн өнөөгийн хөгжил, хэтийн төлөвийн талаар” илтгэл, мэдээлэл хийж, Буриад улсын радио, ТВ-ээр ярилцлага өгч, ахлах номын санч Ч.Бадамцэцэг “Монголын ном зүйн өнөөгийн хөгжил” сэдвээр илтгэл тавьж, манай бүх номын санчид ээлж дараагаар гадаад дотоодын олон арга хэмжээнүүдэд оролцож ирлээ.
Өдгөө Аймгийн Төв номын сан нь жилд дунджаар уншигчдын хэрэгцээ шаардлага хангахуйц 5.0 сая гаруй төгрөгийн шинэ номыг улсын төсөв, хандив, төсөл хөтөлбөрөөр авч, 10 гаруй нэр төрлийн тогтмол хэвлэлээр сан хөмрөгөө баяжуулж, 4.0 мянга орчим байнгын уншигч, 80.0 мянга орчим ирэгсдэд, 120.0 гаруй мянган боть ном хэвлэлийн бүтээгдэхүүн олгож сан хөмрөгийн 60-аас дээш хувь нь байнгын эргэлтэд ашиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, орон нутгийн удирдах байгууллагууд номын сангийн үйл ажиллагаа, фондын баяжилт, номын санчдын мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр ханган ажиллахад ихээхэн анхаарал тавьж дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, уншигчдын хүрээг нэмэгдүүлэх, төв суурин газраас алслагдсан сум, суурин хот, айл, үйлдвэрийн ажилчдад зөөврийн номын сангаар үйлчлэх нүүдлийн номын сангийн машин, номын сангийн тоног төхөөрөмж /ном, сонингийн тавиур, сандал ширээ, компьютер, канон, каталогийн шүүгээ г.м/-үүдээр хангагдан , “Шилдэг ном” –ыг шалгаруулан санхүүжүүлж номын сангуудад олгох болсон ба номын сангийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх 21 хоног, мэргэжил олгох эчнээ, ажлын байрнаасаа хөндийрэлгүй сурах боломж олгосон “Онлайн” сургалт зэрэг үлэмж их арга хэмжээнүүдийг авсаар байгаа нь номын санчид, уншигчдын талархлыг хүлээсэн сайхан ажил болж байна.
Аймгийн Төв номын сан нь харьяалал харгалзахгүй өөрийн орон нутагт байгаа их, дээд, ЕБС-ийн номын сангуудтай ажлын уялдаа холбоотой ажиллаж, тэднийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангахын зэрэгцээ, сургалт-семинарыг ССАЖ-ын яам, Соёлын боловсролын сургуультай хамтран байнга зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн номын сангийн фондын баяжилтыг нэмэгдүүлэх, номын санг мэдээллийн төв болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Аймгийн ИТХ-ын 2012 оны 30 дугаар тогтоол гарч “Ном” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь манай аймгийн онцлог, давуу тал болж байна.
Дархан-Уул аймгийн төв номын сан нь 1964 онд байгуулагдсан. Төв номын сан нь “Залуучууд” театрын зүүн жигүүрт, хуучин Дарханы 4-р багийн нутагт байрлах “Монто-5”-д салбар номын сан, 8-р багийн нутагт байрлах Дэвшил хотхонд архивын фонд байрлаж байна.
Үйлчилгээний хоёр номын сан 120 хүний суудалтай 3 уншлагын танхимаар үйлчилдэг.
60 гаруй мянган боть номын фондтой
Архивийн фонд, гадаад хэлний фонд, ойрын хоёр фондтой.
Жилдээ 3800 гаруй байнгын уншигчдад, 60000 ирцэд, 110000 гаруй боть номоор үйлчилдэг.
Номын сангийн үйлчилгээний хүрээг өргөтгөх, ном хэвлэлээ сурталчлах, уншигчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, тэднийг бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх номын сангийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор ном тойрсон төрөл бүрийн олон талт ажлуудыг, орон нутгийн засаг захиргаа, ТББ, хэвлэл мэдээлэл, бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажилладаг.
Манай хаяг:
Шинэ Дархан Залуучуудын театрын зүүн жигүүр,
Утас: 7037-7937,
Хуучин Дархан 4-р баг 5-р байр
Утас: 02372-42719
Вэб сайт: www.Darlib.mn
www.facebook.com/nomiin san darkhan
nomiinsan.2017@gmail.com
Электрон каталог хаяг:
Darkhan.lib4u.net
"ЗАЛУУЧУУД" ТЕАТРЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА:
Дархан-Уул аймгийн "Залуучууд" театр нь Монгол улсын мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудын нэг юм. Анх 1961 онд Дархан хот дөнгөж сууриа тавьж байхад "Клуб" нэртэй байгуулагдаад улмаар дэвшин хөгжсөөр 1966 оны 1-р сарын 14-нд "Ахан дүүсийн дуу" сэдэвчилсэн концерт, Д.Намдагийн "Их хурим" жүжгээр нээлтээ хийж Дархан хотын Соёлын ордон болжээ.
Цаашид урлагийн мэргэжлийн боловсон хүчнээр бэхжигдэн туурвих уран бүтээлийн цар хүрээ нь улам тэлэн мэргэжлийн урлагийн байгууллага болох нөхцөлийг хангасан учир БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ шийдвэрээр 1976 оны 10 дугаар сарын 17-нд Дархан хотын Хөгжимт драмын театр болж "Найрамдлын дуулал" концерт, Бат-Очирын Өргөх цамхгийн дор" жүжгээр албан ёсны нээлтээ хийснээс хойш эдүгээ 26 дахь жилдээ ажиллаж байна.
Дархан хотын нийт оршин суугчдын 80 гаруй хувийг 30 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлж байсан болоод залуухан театрын эрч хүчтэй залуу уран бүтээлчдийн туурвин буй уран бүтээлийн урын сангийн бодлого нь хүүхэд залуучуудад хандаж байсныг тэмдэглэн 1978 оны 8 дугаар сарын 2-ны МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны /хуучин нэрээр/ тогтоолоор Дархан хотын "Залуучууд" театр болгож өргөжүүлсэн билээ.
1983 онд тус театрт 42 хүний бүрэлдэхүүнтэй орчин үеийн бүжгийн "Залуус" чуулга байгуулагдсан нь Монгол улсдаа анхных нь болж театрын уран бүтээлийн цар хүрээг өргөжүүлж урын санг сонгодог балет, орчин үеийн бүжиг, модерн балет /мөн л Монголд анх удаа/ , үндэсний бүжгэн жүжгээр баяжуулсан юм.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН:
/2003-2019/
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 02-р сарын 12-ны өдрийн 17-р тогтоолоор “Хүүхдийн хөгжлийн төв”-г анх байгуулсан байна.
2003 оны 05-р сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Хүүхдийн Номын Ордон” гэж өөрчлөн нэрлэсэн.
Байнгын үйл ажиллагаатай уншлага үйлчилгээний 2 танхим, салбар номын сан 1, төрөлжсөн 5 танхимтай, нэг ээлжинд 120-140 уншигч хүлээн авах боломжтой, 12000 орчим номын сан хөмрөгтэй. Уншигчдад ая тухтай орчинд хичээлээ давтах, ном хэвлэл унших, өөрийгөө хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Өдөр тутам сурагч, оюутан залуус, насанд хүрэгчдэд үйл ажиллагаагаа тогтмол хүргэж байна.
Үүнд:
-
Уншлага үйлчилгээний I танхим
-
Уншлага үйлчилгээний II танхим
-
Бүх төрлийн ном хэвлэл, хэвлэмэл бус материал олгох
-
Гэрээр ном олгох
-
Уншигчдад лавлагаа мэдээлэл өгөх
-
Уншигчдын санал хүсэлтийг онлайн болон утсаар хүлээн авч, захиалсан номыг гэрт хүргэж үйлчлэх
-
Нүүдлийн болон зөөврийн номын сангийн үйлчилгээ
-
Соёл, олон нийтийн ажил
-
Wi-Fi орчин бүхий чөлөөт уншлагын танхим
Салбар номын сан
Алслагдсан сургууль, цэцэрлэгүүдийн уншигчдад номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор Хүүхэд хөгжлийн ордонд байрлан ажиллаж байна.
Салбар номын сангийн хаяг:
Дархан-Уул аймаг, Дархан сум 5-р баг,
Хүүхэд хөгжлийн ордны 103 тоот
БАЙГАЛИЙН УХААНЫ /МАТЕМАТИК/ УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:
- Математикийн хичээлийн хоцрогдлыг арилгахад дэмжих
- Цахим номоор үйлчилгээ үзүүлэх
- Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх
- Математик сонирхогч ЕБС-ийн сурагчид болон оюутан залууст дугуйлан хичээллүүлэх
- Гэрийн даалгавар хийхэд туслах
МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:
- Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлээр ЭЕШ-д бэлтгэх
- Сурагчдад гэрийн даалгавар хийхэд дэмжин туслах
- Монгол хэл, бичиг заах, уншиж, бичиж сургах
- Хичээлийн хоцрогдол арилгах
- “Хүмүүн бичиг” тогтмол хэвлэлээр үйлчлэх
АНГЛИ ХЭЛНИЙ УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:
- Англи хэл сурах сонирхол бүхий ЕБС-ийн сурагчид болон оюутан залууст сургалт явуулах
- Англи хэлний хичээлийн хоцрогдлыг арилгахад дэмжих
- Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх
- Гэрийн даалгавар хийх, ойлгоогүй зүйлд нь туслах
ЦАХИМ НОМ, МЭДЭЭЛЛИЙН УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:
- Цахим ном уншлага
- Электрон каталог
- Интернэт үйлчилгээ
- Хэрэглээний програмын сургалт
- Компьютерийн холбогдолтой ном, сурах бичиг
- Цахим ном түгээлт
ГЭР БҮЛИЙН УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:
- Сургуулийн өмнөх насны хүүхдүүд, эцэг эх, ах, эгчийн хамт ном унших
- Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглох
Нүүдлийн болон зөөврийн номын сан
Жил бүр “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-тэй хамтран “Зулзагын гол” зусланд сурагчдын зуны амралтаар нүүдлийн номын сан ажиллуулахын зэрэгцээ малчдад үйлчилгээ үзүүлдэг. Аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд жилийн туршид зөөврөөр ном хүргэх үйлчилгээг тасралтгүй явуулж байна.
Гэрээр ном хүргэх үйлчилгээ
Уншигч та өөрийн биеэр номын санд хүрэлцэн ирэх боломжгүй бол хэрэгцээт номоо гэрийнхээ хаягаар захиалан авах үйлчилгээг шинээр олгож байна.
Машинтай уншлага, үйлчилгээ
Номын сангийн идэвхтэй уншигчдаас сонгон танхимаас гадуур “Машинтай уншлага”- танилцах аялал зохион явуулж, ном хэвлэлийг уншин, бодит үйл явцыг харьцуулан үзэж мэдлэг чадвараа тэлэх, цагийг хөгжилтэй үр дүнтэй өнгөрүүлж, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлдэг.
Үдшийн уншлага
Зуны улиралд уншигчдын чөлөөт уншлагыг бүрдүүлэхийн тулд манай номын сан “Үдшийн уншлага”-ыг шинээр зохион байгуулж байна.
Ажиллах цагийн хуваарь:
Даваа, Баасан, Бямба, Ням- 900-1800
Мягмар, Лхагва, Пүрэв- 900-1900
Утас: 7037-8736
Цахим шуудан: nomiinordon@esrp.edu.mn
Электрон каталог: http://darkhan.monbiblio.com/opac/index.php
Хаяг:
Дархан-Уул аймаг, Дархан сум 14-р баг, Хуучин хороолол Өөрийн байр
-1985 онд Улаанбаатар хотод зохиогдсон Дархан хотын соёл урлагийн 10 хоногийн ажиллагаанд манай хамт олон амжилттай оролцож жүжигчин С.Бужгар, бүжигчин С.Соёл-Эрдэнэ, дуучин Б.Энхбат нар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр, 40 гаруй уран бүтээлчид төрийн одон, медалиар шагнагдан нэр алдраа орон даяар дуурсгаснаас хойш театрын алтан тайзнаас маань Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн П.Дамдинжав, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Г.Алтанцэцэг, Баттуул нар төрөн гарч, 36 уран бүтээлч Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр, 10 гаруй хүн төрийн одон медалиар шагнагджээ.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МУЗЕЙН ТОВЧ ТҮҮХ
/1968-2019/
Дархан-Уул аймгийн Музейн түүхэн хөгжлийг он дарааллаар нь авч үзвэл:
-
1968 -1970 Дархан хотын Музей
-
1970 -1990 “Найрамдал” Музей
-
1991 -1994 Дархан хотын Түүхийн Музей
-
1994 оноос өнөөг хүртэлх
ДАРХАН ХОТЫН МУЗЕЙ (1968-1970)
Дархан хотод МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1968 оны 12-р сарын 20-ны өдрийн 553-р тогтоолоор Дархан хотын Музейн үндэс суурь тавигдсан. Уг тогтоолд: “Ах дүү социалист орнуудын тусламжаар байгуулсан Дархан хотын түүх, эдийн засаг, соёлын хөгжил, ах дүү орнуудын интернационалч хамтын ажиллагааны үр шимийг харуулсан Музей байгуулахыг” заажээ. Музейн анхны эрхлэгчээр МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Д.Төмөр-Очир /1921-1985/ томилогдон ажиллаж байсан. Тэрээр анх Дархан хотын найрамдал, бүтээн байгуулалтын сэдэвтэй гэрэл зургууд болон төрөл бүрийн баримал, уран зургууд зэргийг цуглуулгаар бүрдүүлж, өнөөгийн сан хөмрөгийн үндэс суурийг тавьсан билээ. Үүний үндсэн дээр 1968-1969 онуудад “Найрамдал” Музейг байгуулахад үзмэр зохион байгуулалт болон музейг тоноглон төхөөрөмжлөхөд Зөвлөлтийн барилгын 1-р трестийн орлогч дарга В.И.Радченко, ВПП үйлдвэрийн дарга Л.В.Брускин, ерөнхий инженер В.В.Макаренков зэрэг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн байдаг юм.
“НАЙРАМДАЛ” МУЗЕЙ (1970-1991)
1970 оны 4-р сарын 22-ны өдөр В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор Монгол─Зөвлөлтийн найрамдал, ах дүү социалист орнуудын тухайн цаг үеийн хамтын ажиллагааг харуулсан 4 танхимтай “Найрамдал” Музейг гэрэл зураг зонхилсон 500 гаруй үзмэртэйгээр олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж, албан ёсоор нээлтээ хийсэн түүхтэй.
Анх “Найрамдал” Музейг байгуулахдаа “Социалист шинэ Дархан хотын үүсэл хөгжил, одоогийн түүх, ирээдүйн төлөвийг харуулсан өвөрмөц сэдэв агуулгатай өнөөдрийн амьдралыг яруу тодоор харуулсан Музей байгуулбал зүйтэй юм” гэдэг саналыг анхны эрхлэгч Д.Төмөр-Очир дээд байгууллагын өмнө үндэслэн тавьж, үүний дагуу Дархан хотын Музейн өвөрмөц шинж чанар, сэдэв агуулгатай уялдуулан үзмэр зохион байгуулалтынхаа төлөвлөгөөг Улсын Төв Музейн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар боловсруулж Дархан хотын Намын Хороо болон МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсээр хянуулан батлуулсан байна. Тухайн үеийн Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Дархан хотын дүрслэх урлагийн салбар, Гар үйлдвэрийн Төв үзэсгэлэнгээс Дархан хотын түүхэн гэрэл зураг, уран зураг, баримал, сийлбэр, зээгт наамал зэрэг үзмэрийг шилжүүлэн авах буюу худалдан авах замаар бүрдүүлжээ.
ДАРХАН ХОТЫН ТҮҮХИЙН МУЗЕЙ (1991-1994)
1990 онд Ардчилсан тогтолцоонд шилжсэнээр түүх, уламжлал, шашин, соёлын талаарх социализмын үеийн явцуу ойлголтыг залруулж, бүх зүйлийг шинээр эргэн харах зайлшгүй шаардлага тулгарч, түүх угсаатны чиглэлийн Музейн үзүүллэг дэглэлтэд өөрчлөлтийн үе ирсэн гэж ойлгож болно. Ардын Хувьсгалын 70 жил, Дархан хотын 30 жилийн ойг угтаж 1991 онд Соёлын Яамны шийдвэрээр Дархан хотын “Найрамдал” Музейг Дархан хотын Түүхчилсэн Музей болгон шинэчлэн зохион байгуулах Дархан хотын АДХГЗ-ны тогтоол гарч, үзмэр зохион байгуулах сэдэвчилсэн төлөвлөгөө, бүдүүвч зураг, төсөл хийгдэж, Музейг өөрчлөх тусгай комисс байгуулагдаж байжээ. Ийнхүү өөрчлөлт хийгдсэнээр гэрэл зургийн үзэсгэлэнг үндсэнд нь халж, Түүх, аж үйлдвэр, угсаатан, байгалийн үзмэрийн цуглуулгаар үзүүллэг дэглэлтийн өөрчлөлт эхэлж, өргөжин шинэчлэгдсэн түүхтэй.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МУЗЕЙ (1994-оноос)
УИХ-ын 1994 оны 32-р тогтоолоор МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн бөгөөд үүний дагуу “Дархан-Уул аймгийн Музей” болж өргөжин шинэчлэгдсэн юм.
Тус Музей Монголын болон орон нутгийнхаа эрт, эдүгээ үеийн түүх, байгалийн болон угсаатны өв соёлын түүхийг дэлгэн үзүүлэх, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, судлан сурталчлах танин мэдэхүйн болон соёл, судалгаа шинжилгээний төрийн үйлчилгээний соёлын байгууллага юм. Музей нь захирал, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын ажилтан, тайлбарлагч, үзмэр харагч, нягтлан бодогч нарын бүрэлдэхүүнтэйгээр соёлын үрийг түгээн дэлгэрүүлж байна.
Үйл ажиллагааны зорилгын хүрээнд аймгийн болон сумдын Түүх Соёлын Үл Хөдлөх болон Хөдлөх Дурсгалын хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж бүртгэн баримтжуулах, Биет Бус Соёлын Өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулах, сан хөмрөгийн баяжилт хийх зэргээр тодорхой үе шаттайгаар бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэн ажилладаг. Мөн өдөр тутам үзэгчдэд мэдээ мэдээлэл, тайлбар сурталчилгааны үйлчилгээ явуулахаас гадна Музейг сургалтын орчин болгох зорилт тавьж ажилласнаар ЕБС, СӨББ-д суралцагч нарт эх түүх, орон нутаг судлал, газар зүй, дүрслэх урлаг, уран зохиол, байгаль шинжлэлийн хичээлүүдээр сургалтын хөтөлбөр гарган Музейн орчинд зохион явуулдаг уламжлалтай. Ийнхүү музейг олон нийтэд сурталчилснаар жилд дунджаар 4000 гаруй үзэгчид үзэж сонирхдог.
Музейд ажилллаж байса үе үеийн дарга нарын нэрс:
-
Д.Төмөр-Очир 1968-1981
-
О.Алтанхуяг 1981-1991
-
Ж.Гомбожав 1987-1989
-
А.Сэрчин 1991-1992
-
Д.Дашзэвэг 1992
-
С.Нямдаваа 1992-1993
-
Л.Нарантунгалаг 1993-1994
-
Д.Лхагвадулам 1994-2001
-
О.Жадамбаа 2001-2006
-
Б.Цэдэн-Иш 2006-2010
-
А.Болорсүх 2010-2015
-
Д.Жамбалдорж 20154-өнөөг хүртэл
САН ХӨМРӨГ, БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ
Түүх, соёлын дурсгал, байгалийн баялагын дээжис, ахуй амьдрал, нийгмийн хөгжлийн холбогдолтой эд зүйлсээр Музейн сан хөмрөг бүрддэг. Манай сан хөмрөгийн үзмэр баяжилт нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол орны газар газраас Дархан хотод суурьшин ирсэн иргэд, залуучуудын хандив цуглуулга, Музейн анхны эрхлэгч Д.Төмөр Очир, анхны фондчин Д.Дамба нарын хайгуул цуглуулгын үр дүнд өнөөдрийн Музейн сан хөмрөгийн үндэс суурь, хөгжил анх тавигдсан билээ. Тус Музейн сан хөмрөгийн цуглуулга бусад Музейгээс ялгарах онцлог бол шинэ цагийн бүтээн байгуулалтын бодит баримт, эд өлгийн зүйлээс бүрдсэн байдаг. Сан хөмрөгөө баяжуулахын тулд орон нутагтаа хайгуул цуглуулгын ажлыг ажилчдын идэвхи санаачлагаар тогтмол явуулж баяжилт хийдэг. Одоогийн байдлаар манай музейн сан хөмрөг 1300 ширхэг үзмэртэй. Үүнийг төрөл зүйлээр нь графикаар харуулвал:
Урлаг уран сайхан -12.6 %
Түүхийн холбогдолтой -47.5%
Угсаатны зүйн - 15.6%
Шашин шүтлэг -15.1 %
Палеонтологийн -0.3%
Археологи - 0.6%
Байгалийн дурсгал -5.5%
Өнөөдрийн байдлаар Музейн бүх үзмэрийг 100 хувь зурагжуулж, паспортжуулан аймаг болоод улсын бүртгэл мэдээллийн санд хамруулан цахим хэлбэрт хадгалж байна. Музейн үзмэрийн бүрэн бүтэн байдлыг хянах, үзмэрийн статистик тоон мэдээлэл гаргах, үзмэрт хяналт тавих зорилготой сан хөмрөгийн улсын тооллого 4 жил тутам, байгууллагын тооллого 2 жил тутам зохион байгуулагддаг.
Тус Музейн хамт олон Музейн сан хөмрөгөө улам баяжуулах, хуучин эд өлгийн зүйлийн талаар судалгаа шинжилгээний ажлыг боловсронгуй болгох зорилготой ажиллаж байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА
Музейн Эрдэм Шинжилгээ, судалгааны ажил гэдэг бол үзмэр нэг бүрийг нарийвчлан тодорхойлж, гарал үүсэл, түүх, харилцан хамаарал, түүхэн ач холбогдлыг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр олон нийтийг хангах үүрэг бүхий зорилготой юм. Эрдэм Шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх үүднээс ШУА-ийн Палеонтологийн Хүрээлэн, Соёлын Өвийн Үндэсний Төв, Байгалийн Түүхийн Музей зэрэг байгуулагуудтай хамтран ажилласаар ирлээ.
Тус Музейгээс хийсэн судалгааны ажлууд:
-
“Монгол цуур” хөгжмийг дэлгэрүүлэх Эрдэм Шинжилгээ, судалгааны ажил
-
Дархан ахмад дайчдын талаар
-
“Дархан хотын түүхэн замнал” гэрэл зургийн судалгаа
-
“Дарханы сайхан бүсгүйчүүдийн түүх” судалгааны ажил
-
“Дархан өчигдөр, өнөөдөр, маргааш” цахим судалгааны ажил зэрэг болно.
Музейн үзмэрт олон талын судалгааны ажил хийгддэг. Тухайлбал, музейд хадгалагдаж буй Морин хуурт “ үзмэрт тулгуурласан” судалгаа хийсэн байдал:
БОЛОВСРОЛ, ТАНИН МЭДЭХҮЙН ХӨТӨЛБӨР
Музейд ирсэн хэн боловч сэтгэлгээгээ өөрчилж байдаг. Музей нь үзмэрийг зөвхөн дэлгэн үзүүлдэг, хадгалдаг биш, энэ олон зуун жил, магадгүй хэдэн сая жилийн өмнөх түүх соёлын үнэт өв болсон эдгээр зүйлсийг яагаад хадгалж хамгаалж байгаа талаар Музейн боловсролын хөтөлбөрөөрөө дамжуулан хүүхэд, залуучууд, олон нийтэд таниулахыг зорилго болгон ажилладаг.
Манай Музейгээс дээрх зорилгын хүрээнд дараах нэр төрлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Үүнд:
-
“Хорло, Үйчүүр, Алаг мэлхий өрөх” уламжлалт тоглоом наадгайг хойч үедээ өвлөн уламжлуулах сургалт
-
“Өнгө” гар зургийн урлагийн сургалт
-
“Уран зургийг уншихуй” зураг, технологийн дадлага хичээл
-
“Үлэг гүрвэлийн тухай” палеонтологийн сургалт
-
“Одон орноор аялцгаая” одон орны сургалт
-
“Гайхалтай нэхмэл” гар урлалын сургалт
-
“Би Бичин жил” танин мэдэхүйн сургалт
-
“Би Тахиа жил”танин мэдэхүйн сургалт
-
“Хот мандал бүтээх” зэрэг сургалтыг шат дараалан зохион байгуулдаг.
ҮЗҮҮЛЛЭГ
Музейн аливаа эд зүйлийг тодорхой зорилго чиглэлтэйгээр нийтэд дэлгэн харуулсныг үзүүллэг гэнэ. Дархан-Уул аймгийн Музейн нийт 911 дэсийн 1300 үзмэрийн 40 хувь нь үзүүллэгт дэглэгдэн сурталчилагдаж, үлдсэн 60 хувь нь сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Анх байгуулагдахдаа орон нутгийг судлах чиглэлтэй биш, түүх хувьсгалын ба үйлдвэр барилгын чиглэлтэй үүсч байсан Дархан Уул аймгийн Музей нь:
-
Түүхийн танхим
-
Найрамдлын танхим
-
Угсаатны зүйн танхим
-
Байгалийн танхим гэсэн үзүүллэгийн 4 танхимтай.
ҮЗЭСГЭЛЭН, ОЛОН НИЙТИЙН АЖИЛ
Манай Музей нь байнгын үзүүллэгээс гадна ТҮР ҮЗҮҮЛЛЭГ БУЮУ ҮЗЭСГЭЛЭНГ олон нийтэд зориулан зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд жилдээ 2-3 үзэсгэлэнг Төрийн болон Төрийн Бус Байгууллагууд, хувь хүмүүстэй хамтран зохион байгуулж ажилладаг. Томоохон үзэсгэлэнгүүдээс дурдвал: ОХУ-ын Буриад Улсын Иволгын дацангийн 12 дахь Бандит лам Итгэл хамбын “Амьд бурхан Итгэл”, “Дархан хотын түүхэн замнал”, 2013 онд “Т- Батаар Дарханд”, Байгалийн Түүхийн Музейтэй хамтран “Ан амьтан ба сор үзмэрүүд”, Австралийн Элчин Сайдын Яамтай хамтран “Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид”, Улаанбаатар хотын “Nemo mini zoo park”-тай хамтран амьд амьтадын үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой үзэсгэлэнгүүд Дархандаа авчран олон нийтэд толилуулсан билээ.
Хаяг (шуудангийн код): Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, Үйлчилгээний төвийн хойд жигүүр
Утас: +976 70373020
+976 70377910
Э-шуудан: darkhan_mus@yahoo.com
Нийтлэгдсэн: 2019-12-14 11:23:00