ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1-Р СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Дархан хотын анхны дунд сургуулийн эх үүсвэр нь анх 1936 онд Сэлэнгэ  аймгийн Дархан сумын нутаг Хүйтний гол хэмээх газар “Зуны сургууль” нэртэйгээр хоёр багш, 28 сурагчидтай хичээллэж байсан ба улмаар Найрамдлын Дархан хотын ууган сургууль болсон байна. Одоогийн Хараагийн Дарь-Эх хийдийн Гэцогдаржаалин хийд байрлаж байгаа дөрвөн тасалгаа бүхий шар дүнзэн байшинд гурван ээлжээр хичээллэж байсан.

1962-1963 оны хичээлийн шинэ жилээр өнөөдрийн математик, байгаль шинжлэлийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 1-р дунд сургууль нь 70 гаруй сурагч, 30 багш, 10 гаруй ажилчинтай эрдмийн хаалгаа нээж байсан.

Одоогийн сургуулийн барилга нь 1977 онд ашиглалтанд орсон. 3 давхар 920 хүүхдийн хүчин чадалтай.

Сургуулийн амжилтаас товчхон дурьдвал:

  • 1986 он Хотын хөдөлмөрийн аварга сургууль, Дархан хотын математикийн 27 удаагийн аварга сургуулиар шалгарч байсан.
  • 1989 оны ажлын бүх үзүүлэлтээрээ Монгол улсын ЕБС-иудаас шалгарч тэргүүн байрын шагнал хүртэв.
  • 1996 он Эрүүл мэндийг дэмжигч сургууль” болов.
  • 2016-2017 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн “Спортын тэргүүний сургууль”,
  • 2018-2019 оны хичээлийн жилд “Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль”

болж байсан.

2012.04.25-нд төрөлх сургуулийнхаа 50-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.

АЛСЫН ХАРАА: Хүүхдэд ээлтэй сургууль

ЭРХЭМ ЗОРИЛГО: Суралцагчдыг үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, итгэл найдвар хайрыг эрхэмлэдэг, аз жаргалтай амьдрах насан туршийн боловсролтой болгоход оршино.

УРИА:  Эелдэг, эвтэй, хичээнгүй суралцацгаая

Бүтэц бүрэлдэхүүн:

  • 2019-2020 оны хичээлийн жилд 1-12-р ангийн 31 бүлгийн 884 сурагч 2 ээлжээр хичээллэнэ.
  • Удирдах ажилтан 4, мэргэжлийн багш 53, ажилтан 18 нийт 75 орон тоотойгоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
  • Сургалтын 30 танхим, 23 өрөө тасалгаатай. Кабинетийн системээр 2 ээлжинд хичээллэдэг. Биеийн тамирын заал, урлаг заал, цайны газар, номын сан, эмчийн өрөөтэй.

 


Нийтлэгдсэн: 2024-01-20 14:30:25