7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН 5 ТЭРГЭНЦЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

TEDxDarkhan арга хэмжээг зохион байгуулагчид “Булган нэг үе” ТББ-тай хамтран Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгт 2-оос дээш насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан, олон үйлдэлтэй 5 тэргэнцрийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдрөөр гардуулан өглөө.

Тус цэцэрлэгт ердийн болон тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч хүмүүждэг. Нийт 13 бүлэгтэйгээс 3 нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүд байдаг.

Гэхдээ тэдэнд өдөр тутамд хэрэглэх яг ийм тэргэнцэр хэрэгцээтэй байсан бөгөөд аймгийн Эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулж Булган нэг үе ТББ-д саналаа хүргүүлснээр 15 сая төгрөгийн өртөг бүхий тэргэнцэртэй болж байна.

Тэргэнцэртэй болсон хүүхдүүдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох боломж нь нэмэгдэж амьдралд нь том өөрчлөлт бий болно гэдгийг багш нар нь онцолж байлаа. Тэргэнцрийг хүүхдийн насанд тусгайлан тохируулах боломжтой. Хүүхдэд сурч боловсрох, хоолоо идэх, тоглож наадах боломжийг олгохоос гадна урдаа хөтлөгч дугуйтай гэдгээрээ онцлогтой.

“Булган нэг үе” ТББ нь сүүлийн 3 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутгуудад нийт 450 гаруй хүүхдийг тэргэнцэртэй болгожээ.

 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар


Нийтлэгдсэн: 2021-11-22 16:00:24