ДАРХАНЫ 60 ГАРУЙ БАГШ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ GEMINI АКАДЕМИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Боловсролын салбарын томоохон хамтын ажиллагаа болох Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Google for education - Gemini академи, Дархан-Уул аймгийн Боловсролын газар, Найрамдлын хөгжлийн академи хамтран Дархан-Уул аймгийн боловсролын салбарын албан хаагчдад хиймэл оюуны ур чадвар олгох сургалтыг өнөөдөр /2025.09.23/ зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь суралцахуйг дэмжиж, багшийн ачааллыг бууруулахад чиглэсэн хиймэл оюуны ур чадварыг олгох зорилготой юм. Сургалтад Дархан-Уул аймгийн боловсролын газрын арга зүйчид, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн багш нар, сургалтын менежерүүд, багш хөгжлийн төвийн багш нар зэрэг нийт 60 гаруй албан хаагч хамрагдаж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд сургалтыг зохион байгуулагч болон дэмжигч талуудын төлөөлөл, тухайлбал, Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох, Цахим сургалт, мэдээллийн сүлжээ хариуцсан ахлах арга зүйч Б. Урантуяа, Google компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Өсөхбаяр багийн хамт, Найрамдлын хөгжлийн академиийн захирал Болорцэцэг, Google-ийн сургагч багш, Найрамдлын хөгжлийн академийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Энхбаяр нар хүрэлцэн ирсэн юм.
Нээлтийн үеэр Боловсролын газрын дарга Л.Буянтогтох багш нарын хиймэл оюун ухааныг ашиглах ур чадварыг нэмэгдүүлснээр боловсролын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн Google компанийн төлөөлөгч Өсөхбаяр "Gemini Академи" хөтөлбөр нь багш нарын ажлыг хөнгөвчилж, сургалтын үр дүнг сайжруулахад хэрхэн туслах тухай дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Сургалтаас хүлээгдэж буй үр дүн
Энэхүү сургалт нь багш нарыг хиймэл оюун ухааныг сургалтын үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглах ур чадварыг эзэмшүүлснээр дараах үр дүн гарна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
• Багшийн ажлын ачаалал буурна: Хичээлийн бэлтгэл, даалгавар боловсруулах, үнэлгээ хийх зэрэг цаг их шаарддаг ажлуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хурдан бөгөөд үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болно.
• Сургалтын чанар сайжирна: Багш нар сурагч нэг бүрийн онцлогт тохирсон, хувьчилсан хичээлийн материал, даалгавар боловсруулж, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх шинэлэг арга зүйг нэвтрүүлнэ.
• Сурагчийн суралцах үйл явц дэмжигдэнэ: Багш нар хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан сурагчдад илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар мэдлэг олгож, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
• Боловсролын салбарт технологийн дэвшил нэвтэрнэ: Сургалтад хамрагдсан багш нар нь бусад багш нартаа мэдлэгээ түгээн, орон нутгийнхаа боловсролын салбарт шинэчлэлийг эхлүүлэх манлайлагч болно.
Энэхүү сургалт нь Дархан-Уул аймгийн багш нарыг орчин үеийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Нийтлэгдсэн: 2025-09-26 06:48:54