Түүхэн товчоо, танилцуулга

                                    Боловсрол, Шинжлэх ухааны газрын түүхчилсэн намтар                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Сургууль цэцэрлэг багш нарын сурган  хүмүүжүүлэх үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийх тэргүүн туршлага дэлгэрүүлэх, багш нарын сургах арга барилд зөвлөн туслах, мэргэжил боловсролыг дээшлүүлэх сургалт хүмүүжлийн ажилд гарч байгаа шинэ соргог арга барилыг сурталчлах үүрэг бүхий Сургалт Заах Аргын Кабинетыг 1964 онд байгуулжээ.

Сургалт заах аргын байгууллагыг Дэмбэрэлийн Алтанхүү(1964-1981), Лувсандоржийн Гүнчин(1981-1982), Түвдэндоржийн Борхүү(1982-1983), Баянжаргалын Пүрэвхүү(1984), Цадмид(1984-1987), Совдын Бодьхүү(1987-1993), Дэмбэрэлийн Амгалан(1993-1994) нар удирдан ажиллаж байв.

Сургалт Заах Аргын Кабинетыг 1994 онд Судалгаа Арга Зүйн Төв болгон захирлаар нь Дэмбэрэлийн Амгаланг (1994-1995 ) томилжээ.

Судалгаа Арга Зүйн төвийг 1995 онд Боловсролын Төв болгон захирлаар нь Дүвжүүрийн Цагаан(1997-2000), Дэмбэрэлийн Амгалан(2000-2003) нар ажиллаж байгаад 2003 онд Боловсрол Соёлын Газар болжээ. Боловсролын Соёлын Газрын даргаар Дэмбэрэлийн Амгалан(2003-2009), Ринчингийн Батжаргал(2009-2013) нар ажиллаж байв. 2013 онд Боловсрол Соёлын Газар нь Боловсролын Газар болж өөрчлөгдөн даргаар нь Чүлтэмийн Эрдэнэбилэг ажиллаж байв.

Боловсролын Газар нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 416 дугаар тоот захирамжаар батлагдсан “Дархан-Уул аймгийн Боловсролын Газрын ажиллах журам”-ын дагуу боловсролын хөгжлийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийг байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, удирдлагын дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

2013-2014 оны хичээлийн жилд  Боловсролын Газар нь төрийн захиргаа, мэргэжил арга зүй, аж ахуй гэсэн 3 нэгжтэй, дарга, 15 мэргэжилтэн, төрийн үйлчилгээний туслах чиг үүрэгтэй 8 ажилтан, нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжил арга зүйн нэгж нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн секторт хуваагддаг.

2013-2014 оны хичээлийн жилд 28 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас бага сургууль 1, дунд сургууль-1, ахлах сургууль 23, цогцолбор сургууль 3 байсан.

Төрийн өмчийн 17, хувийн өмчийн 11, нийт 28 ерөнхий боловсролын сургуульд 18089 хүүхэд суралцаж 1550 багш, ажиллагсад ажиллаж байна. Нийт суралцагчдаас өдрөөр 17712, оройгоор 90, эчнээгээр 62, дүйцсэн хөтөлбөрөөр 225 хүүхэд суралцжээ.

Төрийн өмчийн 18, хувийн өмчийн 18, нийт 36 цэцэрлэгт үндсэн сургалтанд 5907, хувилбарт сургалтанд 120, нийт 6027 хүүхэд хамрагдан сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 728 багш, ажиллагсад ажиллаж байлаа.

2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн 1, хувийн хэвшлийн 12 цэцэрлэг шинээр үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн төрийн өмчийн 3 цэцэрлэгт 4 бүлэг шинээр нээгдэж 145 хүүхэд элсэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Өмнөх онтой харьцуулахад цэцэрлэгийн тоо 13-аар, хамрагдаж байгаа хүүхдийн тоо 1528-аар нэмэгдсэнээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 83,0 хувьд хүрч, өмнөх оноос 10 хувиар өссөн байна.

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт улсын дунджаас 8,0 хувиар өндөр үзүүлэлттэй 

Суурь боловсролын хамран сургалт 100 хувьтай байгаа нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарсан.

 

Боловсролын Газрын амжилтаас дурьдвал:

·         БШУЯ /БСШУЯ/-ны тухайн оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Боловсрол Газар /Боловсрол Соёлын Газар/ нь 2001, 2002, 2003, 2005, 2006, 2007 онуудад I байр, 2009, 2010 онд II байр, 2004 онд III байр тус тус эзэлж байсан.

·         Элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн хэмжээст онооны дунджаар улсын хэмжээнд  2008, 2010, 2011 онд I байр, 2007, 2009 онд II байр, 2012 онд III байр эзэлсэн амжилт үзүүлжээ. 2013 оны байдлаар ЭЕШ-ын аймгийн хэмжээст онооны дундаж 515 байгаа нь улсын дунджаас 15 оноогоор дээгүүр байна.

·         2005-2013 онуудад улсын төрөлжсөн олимпиадад оролцсон байдал:

Үзүүлэлт

Оноор

2009

2010

2011

2012

2013

1

Улсын төрөлжсөн олимпиадаас медаль авсан хүний тоо

21

16

9

14

13

 

·         2004  онд Грек улсад болсон олон улсын математикийн олимпиадаас Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Ч.Сугардорж хүрэл медаль, 2009 онд Их Британи улсад болсон Олон улсын Химийн олимпиадаас Мон-Турк сургуулийн сурагч Г.Ганхөлөг хүрэл медаль, 2012 онд Эстони улсад болсон Олон улсын Физикийн 43 дугаар Олимпиадаас ХААИС-ийн лицей сургуулийн сурагч Б.Батцоож хүрэл медаль, 2012 онд Аргентин улсад болсон Олон улсын Математикийн олимпиадаас Монгол-Оюу сургуулийн сурагч Г.Баяннамсрай мөнгөн медаль авсан амжилт үзүүлсэн байна.

2014-2015 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 37 цэцэрлэгт 6415 хүүхэд хүмүүжиж, ерөнхий боловсролын 27 сургуульд нийт 18065 сурагч суралцаж нийт 1240 багш боловсролын үйлчилгээг өнгөрсөн хичээлийн жилд үзүүлж ажиллалаа.

2015 онд төрийн өмчийн 3 цэцэрлэг шинээр ашиглалтанд орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 88,0% болж өмнөх оныхоос 4,7%-иар нэмэгдсэн, нэг багшид ногдох хүүхдийн тоо 28,5 болж өмнөх оны мөн үеийнхээс 0,2%-иар ачаалал буурч, бүлэг дүүргэлт 30,4 болж өмнөх оны мөн үеийнхээс 0,5%-иар  нэмэгдсэн үзүүлэлттэйгээр бид 2015-2016 оны хичээлийн шинэ жилээ угтан авч байна.  

ЕБС-иудын хувьд бүлэг дүүргэлт 28,1 болж өмнөх оны мөн үеийнхээс 0,2%-иар өссөн, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 18,2 болж өмнөх оны мөн үеийнхээс  0,4%-иар ачаалал буурсан байна.

Засгийн газраас баталсан нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын нормативыг баримтлан 2015 оны хагас жилийн байдлаар Дархан-Уул аймгийн ЕБС-дад нийт 9.469.0 сая төгрөг, СӨББ-дад нийт 4.879.0 сая төгрөг, соёл урлагийн байгууллагад 79.4 сая төгрөгийн хувьсах зардлыг санхүүжүүлж, боловсролын хүртээмж, тэгш байдал, чанар, үр ашгийг хангаж ажиллалаа

Бага боловсролын цөм хөтөлбөр. 2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжсэн бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. Энэ ажлын хүрээнд 31 удаагийн давталттайгаар давхардсан тоогоор нийт 3483 багш, удирдах ажилтныг сургалтанд хамруулж арга технологийг түгээн дэлгэрүүлэх 232 цагийн үзүүлэх болон нээлттэй хичээлийг зааж, энэхүү хичээлүүдэд 2665 багш хэлэлцүүлэгт оролцсон байна. БСШУЯ-ны Бага боловсролын Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн баг Дархан-Уул аймгийн ЕБ-ын 10 сургуулийн Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж ХШҮ хийхэд  хэрэгжилт “амжилттай сайн”, түгээн дэлгэрүүлэлт “маш сайн” гэсэн үнэлгээг өгсөн нь бага боловсролын багш та бүхний ажлын эхлэл сайн байгааг харуулсан үзүүлэлт юм. Одоо бага боловсролын цөм хөтөлбөрийг баталгаажуулах, чанарын шинэчлэлийг сааруулахгүй, эрчимжүүлэх “эхлэл”-ээсээ дутуугүй ач холбогдолтой ажлыг бид энэ хичээлийн жилд хамтдаа хийнэ.  

Багшийн мэргэжил дээшлүүлэлт. БСШУЯамнаас хэрэгжүүлж байгаа “Багшийн хөгжил” хөтөлбөрийг өөрийн онцлогтой хийгээд үр дүнтэйгээр хэрэгжүүлж байгаа аймаг бол яах аргагүй Дархан-Уул аймаг. Багшийн хөгжлийн асуудлыг аймгийн үе үеийн удирдлагууд онцгой анхаарч ирсний үр дүнд манай аймгийн багш нар мэдлэг, чадвараараа улсдаа тогтмол манлайлж байдаг. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилийн хувьд, “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй -2014" сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хуралд “Дархан Хүрд” багийн багш нар 1–р байр эзэлж Солонгос улсад багш солилцоо хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнагдсан, мөн “Оюуны Ирээдүй” цогцолборын Байгалийн ухааны багш нар 4–р байрыг эзэлсэн амжилтыг үзүүлсэн юм.

Багшийн мэргэжил дээшлүүлэлтийн хувьд үндэсний хэмжээний сургалтанд 320  багш, орон нутгийн үндсэн сургалтанд 100 багш, БСШУЯ, БСГ-ын хамтарсан “Хүүхдийн хөгжил - Суурь боловсролын сургалтын Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сургалтанд суурь боловсролын нийт 714 багш, удирдах ажилтнууд,  Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институттэй хамтарсан аймгийн нийт цэцэрлэгийн туслах багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтанд  38 цэцэрлэгийн 204 багш,  БСШУ-ны дэд сайд Тулгын дэмжлэгээр Монгол Шведийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтарсан “Сургалтын оролцооны арга зүй” сургалтанд ЕБС, цэцэрлэгийн 1314 багш, удирдах ажилтан хамрагдсан байна. Цаашид БСГ-ын зүгээс багшийн хөгжлийг дэмжих бодлогыг тасралтгүй, үр дүнтэй байх гэсэн зарчмыг баримтлан сургалтын шинэлэг, дэвшилттэй хөтөлбөр, сургалтуудыг багш та бүхэн хүргэх тал дээр онцгой анхааран ажиллах болно.

2014-2015 оны хичээлийн жилд хийгдсэн бас нэг онцлох ажил бол аймгийн засаг дарга С.Насанбатын санаачлага дэмжлэгээр сумдын багш нарын хөгжлийг дэмжих “Сайн багш” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлж сумдын 5 сургуулийн 165 багш, удирдах ажилтан хамруулагдан боловсролын чанарын шинэчлэлийн бодлоготой танилцаж, арга зүйн шинэчлэлийг аймгийн зөвлөх багш нарын багийн удирдлага дор хийсэн явдал юм. “Сайн багш” хөтөлбөр энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд хэрэгжих, шинэчлэлийн бодлогыг орон нутагт дэмжих цөм хөтөлбөр болон хэрэгжихээр хүрээгээ тэлж байгааг дуулгахад таатай байна.

Дархан-Уул аймгийн төрийн өмчийн нийт 17 сургуульд 14.0 сая төгрөг, төрийн өмчийн 18 цэцэрлэгт 2.5 сая төгрөг, нийт 16.5 сая төгрөгийн  мэргэжил дээшлүүлэх зардлыг хуваарилж, нийт 70 гаруй сургалтанд давхардсан тоогоор 3000 гаруй багш хамрагдаж ажлын байран дээр мэргэжлээ дээшлүүлсэн байна.

2015 онд Багшлах эрхийн шалгалтыг 2 удаа зохион байгуулж, шалгалтанд нийт 232 хүн хамрагдаж, 60 гаруй хувь нь энэхүү шалгалтанд тэнцээд байна.

Олимпиад, ЭЕШ. Дизайн технологи, Сэтгэх чадвар, Биологи, Мэдээлэл зүй /бүтээлийн төрөл/, Математик, Мэдээлэл зүй, Мэдээлэл зүй, Орос хэлний улсын олимпиадаас багш, сурагчид нийт 10 медалийг хүртсэн амжилтыг үзүүллээ. Монгол Оюу сургуулийн сурагч Т.Акжархан Казакстан улсын Алта-Ата хотод болох олон улсын мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцлоо. Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны дундаж оноо 507 байгаа нь улсын дунджаас 7 оноогоор дээгүүр байна. Эдгээр онцлох амжилтууд багш та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.

Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа “Авъяас” хөтөлбөр Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж байна.  "Авьяас" хөтөлбөрийн хүрээнд  2014-2015 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн хэмжээнд 187 төрлийн 410 дугуйлан, 19 клуб хичээллэж,  ЕБС-ын бага ангийн 3921 сурагч, дунд ангийн 3300 сурагч, ахлах бүлгийн 2120 сурагч нийт 9341 суралцагсад хамрагдсан нь өмнөх жилтэй харьцуулахад 15 хувиар өссөн дүнтэй байна. “Авъяас” хөтөлбөрийн тайланг  “Хүүхэд – Бидний аз жаргал” уриа дор 2015.06.01-нд зохион байгуулж 5400 гаруй сурагчдын урлагийн тоглолтонд оролцож 10 мянга гаруй иргэд үзэж сонирхсон байна.  “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд аймгийн засаг даргын шийдвэрээр орон нутгийн хөрөнгө оруулалтаар төрөл бүрийн төсөл хөтөлбөрт 13.6 сая төгрөг, шагнал урамшуулалд 3.4 сая төгрөг нийт 17 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүллээ.

“Ном” хөтөлбөрийн тухайд, СӨБ-ын 5 настай 1647 хүүхэд, бага ангийн 8739 сурагч, дунд ангийн 5244 сурагч, ахлах ангийн  3718 сурагч, бүгд 19348 сурагч номтой нөхөрлөж, ном уншиж, ном дотор зам байдгийг ухаарч, өөрсдийн нээсэн ертөнцөөрөө “ Хүүхдийн ертөнц -3” номыг бүтээсэн, номын чуулган зохион байгуулсныг онцлон тэмдэглэж байна.   

Насан туршийн боловсрол. 2014-2015 оны хичээлийн жилд  Насан туршийн боловсролын төвд нийт 261 хүүхэд залуусыг дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд  хамруулж, боловсрол нөхөн олголоо. Аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр Насан туршийн боловсрол төв өөрийн байртай болсон, НҮБ-ийн "Хүн амын хөгжлийн сан", "Швейцарын хөгжлийн агентлаг"-ийн дэмжлэг 14,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Амьдрах ухааны танхим"-ийг байгуулсан зэргийг та бүхэнд дуулгахад таатай байна.

Багшийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд “Багш хотхон”-ыг байгуулах шийдвэр гарган 2.5 га газарт зураг төсвийг хийж батлуулсан, гүйцэтгэх компани тодорсон ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Хөрөнгө оруулалт. Боловсролын  салбарт 2015 онд 150 хүүхдийн хүчин чадалтай 1 цэцэрлэгийн барилга,100 хүүхдийн хүчин чадалтай 3 цэцэрлэгийн барилга  улсын төсвийн санхүүжилтээр нийт 4.500,0 сая төгрөгийн барилга угсралтын ажил хийгдэж байна. Эдгээр цэцэрлэгүүд Дархан сум, Шарын гол сумын цэцэрлэг нэн шаардлагатай газраа  баригдаж СӨББайгууллагад хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны 700 хүүхдэд боломж олгохын зэрэгцээ  шинээр 81 ажлын байрыг бий болгож байгаа юм.

Үүнээс гадна улсын төсвийн 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15-р сургууль, Жигүүр, 4 цэцэрлэгийн гадна цэвэр ус, гадна дулаан, сангийн засварын ажил хийгдсэн, Шарын гол сумын  2-р сургуулийн дэргэд 150 ортой  дотуур байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж 12 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа, орон нутгийн хөгжлийн сангийн 151,0 сая төгрөгийн санхүүжилтээр Орхоны 9 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг, Дархан сум 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг, Дархан сум 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлэгт хөрөнгө оруулалт хийгээд байна.

Мөн Дархан сумын 13-р цэцэрлэгт 1 гэр цэцэрлэгийн барилга, Орхон сумын  9-р цэцэрлэгт 1 гэр цэцэрлэгийн барилгыг барьж хөрөнгө оруулалт хийгдсэн нь 100 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлээд байна.

Улсын  төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас гадна олон улсын хөрөнгө оруулалтыг татан ажилласан ба Японы засгийн газрын Өвсний үндэс төслийн дэмжлэгээр нийт 326 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2-р сургуулийн барилгын дээвэр,засал чимэглэл засвар, 14-р цэцэрлэгийн дээвэр, засал чимэглэлийг ажлуудад,   Дэлхийн банкны төслөөр төрийн өмчийн 21 цэцэрлэгт 103 сая төгрөгийн тоглоом наадгайн хөрөнгө оруулалтыг татан ажиллаа. 

Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын салбарт 2015 онд Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, Дэлхийн банк, Өвсний үндэс,бусад хөрөнгө оруулалтаар нийт 6.720.0 сая /Зургаан тэрбум долоон зуун хорин сая/ төгрөгийн санхүүжилт хэрэгжсэн байна.

 

 

 

Боловсрол, Шинжлэх ухааны  газар

 

 

 

 

 

 

 


Нийтлэгдсэн: 2019-10-23 09:20:00