ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ болон СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны МЭРГЭЖЛИЙН ёс зүйн дүрэм

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН  ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

                 1.Байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч бүр ажлын байр, гэр бүл, нийгмийн бүхий л орчинд зохисгүй зан үйл гаргахгүй байхад анхаарч хүүхэд хамгааллын ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөнө.

 

 

 

 

 

 

 

 

Ёс зүйн дүрэмд заавал тусган хориглох зүйл

Ажилтан

Байгууллага

  • Хүүхдийг цохих, зодох. тусгаарлах зэргээр бие махбодын хүчирхийлэл үйлдэх.
  • Хүүхдийг гутаах, ичээх, доромжлох, дорд үзэх, нэр хоч өгөх, сэтгэл зүйн дарамт учруулах зэргээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх.
  • Хүүхэд гэр бүлийн эсрэг бүх төрлийн хүчирхийлэл үйлдэх.
  • Бусдыг садар самуунд уруу татах тоглоом тоглох, шалиг үг ярих.
  • Хүүхдийн дэргэд хараал хэлэх, бүдүүлэг үг хэрэглэх.
  • Хүүхдийг ялгаварлан харилцах
  • Хүүхэд хүчирхийлэл өртсөн, аюултай нөхцөл байдалд орсон тохиолдолд мэдээлэхгүй орхих.
  • Зохисгүй хувцаслах, бэлгийн дур сонирхол төрүүлэхүйц байдал гаргах.
  • Чанарын баталгаагүй, муудсан хориглосон чихэрлэг хоол хүнсээр хангах.
  • Хүүхдийн зураг  дүрс, мэдээллийг зөвшөөрөлгүй, хувийн фэйсбүүк хуудас ба бусад хувийн нийгмийн сүлжээнд тавих.
  • Шөнийн цагаар эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй хүүхдийг тээвэрлэх.
  • Цахим орчинд эцэг, эхээс нь далдуур орчинд харилцах.

 

  • Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг зөрчиж байгааг мэдэгдсэн, сэжиглэгдсэн боловч мэдээгүй мэт өнгөрөөх, нуун дарагдуулах.
  • Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан боловч мэдээлэхгүй байх.
  • Оройн 18 цагаас хойш арга хэмжээнд хүүхэд оролцуулах.
  • Гамшиг осол уй гашуу тохиолдсон үед хүүхэд насанд хүрэгчдийн  эмзэг байдалд мэдрэмжгүй хандах.
  • Эцэг , эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн ганцааранг нь машинаар авч явах.
  • Ёс заншил шашны болон зан үйлийн хэлбэртэй үйл ажиллагаанд оролцуулах.
  • Зураг мэдээллийг хувийн фэйсбүүк хуудас ба бусад хувийн нийгмийн сүлжээнд тавих.
  • Ажлын байр хүүхдийн орчинд архи, тамхи, мансууруулах, эм бодис хэрэглэх.

 

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГ

 


 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар  сарын 20 -ны өдрийн

А/545 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ерөнхий боловсролын сургалтын

байгууллагын багш, ажилтны МЭРГЭЖЛИЙН ёс зүйн дүрэм

 

Нэг. Нийтлэг зүйл.

            1.1.Энэхүү дүрмийн зорилго нь төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны албан үүргээ гүйцэтгэхдээ мөрдөх мэргэжлийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хүлээх хариуцлагыг тогтоож, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

            1.2.Багш, ажилтан нь төрийн албан хаагчийн ёс зүйн талаар эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана.

            1.3.Энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэст үндсэн орон тоонд болон түр гэрээгээр ажиллаж буй багш, ээлжийн болон туслах багш, багшлах дадлага хийж буй оюутан, удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч (цаашид багш, ажилтан гэх) сахин мөрдөнө.

Хоёр. Багш, ажилтны эрхэмлэх үнэт зүйлс.

2.1 Багш, ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ дараах үнэт зүйлсийг эрхэмлэнэ.

2.1.1. Суралцагчийн эрх, аюулгүй байдал, нэр хүнд;

2.1.2. Төрийн албан хаагчийн болон багш мэргэжлийн нэр хүнд;

2.1.3.Аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид эрх тэгш, хүндэтгэлтэй, эерэг харилцаа;

2.1.4. Багшийг хүндлэн дээдлэх олон нийтийн итгэл үнэмшил.

Гурав. Багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ

3.1. Багш, ажилтны дагаж мөрдөх мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дор дурдсанаар ангилна.

3.1.1. Суралцагчийн өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ;

3.1.2. Ажил, мэргэжлийнхээ өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ;

3.1.3. Хамт олон, хамтран ажиллагч, олон нийтийн өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ;

3.1.4. Технологийг хариуцлагатай, ёс зүйтэй ашиглах хэм хэмжээ.

 

 

Дөрөв. Багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн шаардлага 

4.1. Багш, ажилтан нь энэ журмын 3.1-д заасан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд дараах ёс зүйн шаардлагыг мөрдөнө.

4.2.Энэ дүрмийн 3.1.1-д дурдсан “Суралцагчийн өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ”-ний хүрээнд:

4.2.1.Боловсролын үйлчилгээ үзүүлэхдээ суралцагч бүрийн эрх, нэр төр, үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс,  эрүүл мэнд, танин мэдэхүйн онцлог, ялгаатай байдал, нийгмийн байдал, суралцах чадвараар ялгаварлан гадуурхахгүй, соёлын олон талт байдалд хүндэтгэлтэй, тэгш хандах;

4.2.2.Суралцагчид бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүчээр албадахаас татгалзах;

4.2.3.Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад олж авсан  суралцагчийн болон түүний гэр бүлийн нууцыг ажил эрхлэх хугацаанд болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноос хойш бүхий л хугацаанд чандлан хадгалах, мэдээлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллага, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрсний дагуу мэдээлэх;

4.2.4.Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө суралцагчаас шан харамж, бэлэг, авлига авах, бусдад зуучлах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив, тоног төхөөрөмж, эд материал өгөхийг шаардах, ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахаас татгалзах;

4.2.5.Сургалтын орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, эрүүл мэнд хохирох, дарамт, ялгаварлан гадуурхалд өртөх, сөрөг нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэх;

4.2.6.Суралцагчид мэдлэг, чадвар, хандлага, харилцаа, хувцаслалт, биеэ авч явах байдал, арга барилаар зөв үлгэрлэх;

4.2.7.Суралцагчийн өмнө зүй бус үг хэллэг, үйлдэл гаргах, хууль, дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээ зөрчихөөс сэргийлэх;

4.2.8. Сургалтын агуулга, хөтөлбөрт зааснаас бусад тохиолдолд улс төр, цэрэг дайн, шашин, нийгмийг хамарсан өвчин тахал болон  бусад асуудлаар хүүхдийг айдаст автуулахуйц эх сурвалжгүй мэдээлэл хийх, хувийн үзэл бодлоо тулгахаас зайлсхийх;

4.3. Энэ дүрмийн 3.1.2-д заасан “Ажил, мэргэжлийнхээ өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ”-ний хүрээнд:

4.3.1.Ажил, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бодлого, хууль тогтоомж, дүрэм журам, бусад эрх зүйн баримт бичгийг судалж мэдэх, хувийн үзэл бодлоос үл хамааран дагаж мөрдөх;

4.3.2.Өөрийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг шударга, бодитой үнэлэх;

4.3.3.Ажлын байр, олон нийтийн газар болон цахим орчинд бусадтай харилцахдаа ажил, мэргэжлийнхээ нэр хүндэд харшлах аливаа үйл ажиллагаа, үг, үйлдэл, эс үйлдэхүйгээс татгалзах;

4.3.4.Хичээл сургалтын явцад, сургалтын орчинд хууль бус үйл ажиллагаа, жагсаал цуглаан, шашны зан үйл зохион байгуулах, оролцох, бусдыг оролцохыг тулган шаардах, суралцагчийг татан оролцуулахаас татгалзах;

4.3.5.Ажил эрхлэх, албан тушаал дэвшихдээ боловсролын түвшин, мэргэжлийн ур чадвараа  үнэн зөв мэдүүлэх, баримт бичгээр нотлох;

4.3.6.Албан байгууллагын нэр, албан тушаалын бүрэн эрхийг хувийн зорилгоор ашиглахаас татгалзах;

4.3.7.Ажлын алдаа дутагдлын талаарх шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах, алдаа дутагдлаа засах, сайжруулах хандлага, чадвартай байх;

4.3.8. Багш, ажилтан нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай байх.

4.4. Энэ дүрмийн 3.1.3-д заасан “Хамт олон, эцэг эх, асран хамгаалагч, харилцагч байгууллага, олон нийтийн өмнөх хүлээх ёс зүйн хэм хэмжээ”-ний хүрээнд:

4.4.1.Боловсролын харилцаанд оролцогч багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, иргэн, үйлчлүүлэгчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, эрхэлдэг ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохгүй байх;

4.4.2.Хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдад хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг эерэгээр шийдвэрлэхэд мэргэжлийн ур чадвар, манлайлал үзүүлэх;

4.4.3.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны явцад үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, тэдэнд учирч болох эрсдэл, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх;

4.4.4.Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас аливаа урамшуулал, бэлэг, шан харамж шууд болон шууд бусаар авах болон бусдад зуучлахаас татгалзах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдлээс сэргийлэх;

4.4.5.Зүй бүс үг, үйлдэл, зан байдлаараа албан харилцааны хэвийн байдал, хамт олны эв нэгдэл, уур амьсгалыг алдагдуулах, бусдыг хууль бус үйл ажиллагаанд уриалах, турхирахыг цээрлэх;

4.4.6.Ажлын байранд  архидан согтуурах, бусдыг дээрэлхэх, ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох, ажлын байрны болон бэлгийн дарамт шахалт үзүүлэхээс цээрлэх;

4.4.7.Багш, ажилтан нь гүйцэтгэлийн үнэлгээ болон бусад шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээнд оролцохдоо шударга байх, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй бол татгалзах;

4.4.8.Өөрийн мэдлэг, чадвар, туршлага, ажил хэргийн мэдээ, мэдээллийг хамтран ажиллагчтай хуваалцахаас үл татгалзах;

4.4.9.Албан үүргээ гүйцэтгэхэд нь бусдад саад учруулах, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхгүй байх;

4.4.10.Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, удирдах дээд шатны байгууллага, албан тушаалтнаас баталсан шийдвэр, хууль ёсны үүрэг даалгавар, шаардлагыг хэрэгжүүлэхээс үл татгалзах;

4.4.11.Албан тушаалын бүрэн эрх, давуу байдлаа ашиглан багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид хууль бус шаардлага, үүрэг даалгавар өгөхгүй, шийдвэр гаргахгүй байх, хууль бус үүрэг, шийдвэрийг үл биелүүлээгүйн төлөө хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, дарамт шахалт үзүүлэхгүй байх;

4.5.Энэ дүрмийн 3.1.4-д заасан “Технологийг хариуцлагатай, ёс зүйтэй ашиглах хэм хэмжээ”-ний хүрээнд: 

4.5.1.Багш, ажилтан нь суралцагч, хамт олон, эцэг, эх асран хамгаалагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай нийгмийн сүлжээ, технологиор дамжуулан боловсролын аливаа харилцаанд оролцохдоо энэ дүрмийн 4.2, 4.3, 4.4-д заасан ёс зүйн хэм хэмжээг баримтлах;

4.5.2.Багш, ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ байгууллагаас зөвшөөрсөн албаны цахим шуудангийн хаягийг ашиглах, албан хэрэгтээ хувийн цахим хаягийг ашиглахаас татгалзах;

4.5.3.Нийгмийн сүлжээнд үзэл бодол, хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэхдээ ажил, мэргэжлийнхээ нэр хүндийг дээдлэн, багш, суралцагчдад буруу үлгэр дууриал үзүүлэхээс зайлсхийх, эх сурвалж нь тодорхой бус мэдээ, мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлэх;

4.5.4.Технологийн дэвшлийн талаар зохих мэдлэгтэй, зүй зохистой хэрэглээтэй байх;

4.5.5.Цахим технологи ашиглан боловсруулсан багш, ажилтан, суралцагчийн мэдээлэл, бүртгэл, боловсролын баримт бичгийн нууцлалыг хангах, хамгаалах;

4.5.6.Технологи ашиглан хууль бус үйл ажиллагаанд оролцох, бусдын нууцыг задруулахаас урьдчилан сэргийлэх;

4.5.7.Цахим хичээл, контент бүтээх, ашиглахдаа оюуны өмчийн хууль тогтоомжийн зөрчил гаргахгүй байх; 

4.5.8.Эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилтан, суралцагчийн зөвшөөрөлгүйгээр тэдний зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд нийтлэх болон ажил хэргийн зорилгоор авсан зураг, бичлэгийг хувийн ашиг сонирхол, бусдын нэр хүндэд халдах зорилгоор ашиглахыг цээрлэх;

4.5.9.Албан хэрэгцээний эд хогшил, тоног төхөөрөмж,  цахим хэрэглэгдэхүүнийг хувийн зорилгоор ашиглахгүй байх;

Тав. Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага

5.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр батлагдсан хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ. 

5.2.Байгууллагын ёс зүйн зөвлөл нь багш, ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар шалгаж, дүгнэлт, зөвлөмж гарган ажил олгогчид танилцуулна.

5.3.Ёс зүйн зөвлөл нь багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол ёс зүйн хэм хэмжээг сахиулах, дүрэм, журмын биелэлтийг хангуулах зорилгоор зөвлөлөөс зөвлөмж, шаардлага гаргаж болно.

5.4.Зөвлөлийн дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол багш, ажилтанд албан ёсоор мэдэгдэж, ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээх боломж олгоно.

5.5.Багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл томилох эрх бүхий этгээд холбогдох хууль, журамд заасны дагуу ёс зүйн хариуцлагыг ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана.

5.6.Багш, ажилтны гаргасан зөрчил нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.

5.7.Багш, ажилтан ёс зүйн зөрчил гаргасны улмаас сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.

5.8.Ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон багш, ажилтанд хариуцлага ногдуулаагүй, ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, саналыг хэрэгжүүлээгүй  сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид томилох эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.9.Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй.

5.10.Багш, ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.

Зургаа. Бусад.

6.1.Ажил олгогч нь багш, ажилтны ёс зүйн байдалд хяналт тавих, холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

6.2.Ажил олгогч нь ёс зүйн хууль тогтоомжийг шинээр ажилд орж буй багш, ажилтанд заавал танилцуулж, ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, ажилтны албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, тухайн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангуулна.

6.3.Ёс зүйн зөвлөлөөс ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулах сургалт, үйл ажиллагааг байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусгаж, хуулиар хориглоогүй эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

6.4.Томилох эрх бүхий албан тушаалтан багш, ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн багш, ажилтны хувийн хэрэгт хавсаргаж, боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэн, хамт олонд мэдээлнэ.

6.5.Ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх ажлыг байгууллагын ёс зүйн зөвлөл, аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Боловсролын ерөнхий газар удирдлага зохион байгуулалтаар хангаж, дээд шатны байгууллагад жил бүр тайлагнах үүрэг хүлээнэ.

6.6.Боловсролын харилцаанд оролцогч эцэг эх, асран хамгаалагч, олон нийт нь багшийн нэр төрийг хүндлэн, багш, ажилтныг хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, суралцагчийн сайн сайхан байдлыг хангах чиглэлээр хууль ёсны шаардлагыг биелүүлэх, санаатай болон болгоомжгүйгээр хичээл сургалтыг үйл ажиллагааг тасалдуулахгүй байх хэм хэмжээг мөрдөнө.

6.7.Сургалтын байгууллага нь эцэг эх, асран хамгаалагчидтай байгуулах гэрээнд багш, бусад суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид хүндэтгэлтэй, тэгш хандах, эерэг зөв харилцах чиглэлээр ёс зүйн хэм хэмжээг тусгаж болно.

6.8.Энэхүү дүрмээр зохицуулаагүй харилцааг Засгийн газрын 2019 оны “Дүрэм батлах тухай” 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” болон бусад холбогдох  хууль, дүрэм, журмаар зохицуулна.

 

--- 000 ---

 

 

 

 

 


Нийтлэгдсэн: 2025-03-30 19:54:32