ДАРХАН-УУЛ АЙМАГТ ОРЧИН ҮЕИЙН НОМЫН САН ҮҮСЧ
ХӨГЖСӨН ТҮҮХЭЭС
Эрхэм зорилго:
Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, уншигч бие даан боловсрол эзэмших, номын санг иргэдийн мэдээллийн төв болгон хөгжүүлэхэд оршино.
Дархан хотын суурь тавьж хөдөлмөр бүтээл өрнөсөн энэ буурал хөндийд, тухайлбал 1964 оны намрын нэгэн налгар өдөр “Бадамын цэцэрлэг” хэмээн алдаршсан нэг давхар ганц цагаан байшингийн багаахан өрөөнд Дархан хотын номын сангийн суурь тавигдаж төр захиргаа, байгууллага, хамт олон, иргэд хөдөлмөрчдийн дэмжлэгтэйгээр 4000 орчим номтойгоор анхны галаа асаасан гэгээн түүхтэй билээ.
Тухайн үед нам засгаас номын санг хөгжүүлэх, номын сангийн боловсон хүчинг бэлтгэх талаар удаа дараа арга хэмжээ авч байсны үр дүнд, Монгол орны бүх аймаг, сум дүүрэг, байгууллага хүртэл дэргэдээ номын сантай болж хүрээгээ өргөтгөн, фондоо баяжуулсаар ирсэн хөгжил, цэцэглэлтийн арвин түүхтэй билээ.
Манай эрины 19 дүгээр зууны сүүлч 20 зууны эхэн үеийн томоохон номын сангийн нэг нь Монголын шашин төрийг хослон баригч Богд Жавзандамбын номын сан байсан бөгөөд энэ нь Халхын өндөр гэгээн Занабазарын үе буюу 17 дугаар зуунаас дамжин ирж, түүний ховор нандин түүхийн зарим бүтээлүүд нь Манай улсын Үндэсний номын санд уламжлагдан хадгалагдаж ирсэн байна.
Харин орчин үеийн номын сан нь Ардын Засгийн газрын 1921 оны 24 дүгээр тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” нэртэй байгуулахаар заасан нь түүхэн хөгжлийнхөө 90 гаруй жилийг туулсан өнөөгийн Монгол улсын Үндэсний номын сан билээ.
Төр засгаас номын санг хөгжүүлэх талаар удаа дараа арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 1930-аад оноос хөдөө орон нутагт номын сан, уншлагын газрууд байгуулагдаж эхэлсэн билээ. 1936 онд Увс аймгийн Гэгээрлийн хэлтсийн дэргэд “Аймгийн бага хурлын уншлагын газар” нэртэй номын сан, 1938 онд Ховд аймгийн нийтийн номын сангийн суурь тус тус тавигдсан нь орон нутгийн номын сангийн анхдагчид нь байжээ.
Ийнхүү төр засгаас аймаг, орон нутгийн номын сангийн үйл ажиллагааг өргөтгөн, хүрээг нэмэгдүүлж байсны тод жишээ нь 1967 онд Дархан хотын 2 дугаар номын сан байгуулагдсан явдал юм. Улмаар 1975 онд Соёлын яамны шийдвэрээр 2 дугаар номын санг “Хүүхэд залуучуудын номын сан” болгон өөрчилсөн ба 1979 онд “Залуучууд” театрын дэргэд 3 дугаар номын санг байгуулж 60.0 мянга орчим номтой, 5-6 ажиллагсадтай ажиллаж байлаа.
1986 оноос Дархан хотын нийтийн номын сангууд ЗХУ-ын туршлагаар Төвлөрүүлэлтийн системд шилжин орсон нь манай номын сангийн хөгжлийн бас нэгэн шинэ хуудас болсон. Энэ үед Соёлын яамны сайдын мөн оны 252 дугаар тушаал, хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 11 дүгээр тогтоол гарч,тус хотын номын сангуудыг төвлөрүүлэн “Дархан хотын Төвлөрсөн номын сан” гэж нэрлээд 1,2,3,4 гэж дугаар тогтоожээ. Ингэж Дархан хотын номын сангууд Төвлөрүүлэлтийн системд шилжин орсноор нэгдсэн нэг фонд, данс, бүртгэл, удирдлага, санхүүтэй болж үйлдвэр, аж ахуйн газруудын дэргэд ном олгох 9 цэг салбартай, 4 салбар номын сан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байсан түүхтэй.
Харин 1990-ээд оны эхээр Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд орж нийгмийн бүх салбарууд нийгэм эдийн засгийн хүндрэлтэй учирч оршин тогтнож ажиллах нөхцөл байдал алдагдахад хүрч үйлдвэр, аж ахуйн газруудын дэргэдэх 9 цэг, 4 салбар номын сангуудаа татан авч Төв номын сандаа төвлөрүүлэн нэгтгэж орон тоо бүтэц,зохион байгуулалтын хувьд танагдан зарим нь ажилгүй, ажилтай нь цалингүй шахам болж хүндхэн нөхцөлтэй тулгарсан хэдий ч тэр үеийн номын сангийн захирал С.Лхамсүрэн түүний хамт олны уйгагүй хөдөлмөр зүтгэлээр цаг үеийн олон чухал асуудлыг шийдвэрлэж уйгагүй хөдөлмөрлөн мэргэжил, мэргэшилдээ чин үнэнчээр зүтгэж даван туулж иржээ.
Номын сангийн боловсон хүчний тухайд 1976 оноос 1990 оны хооронд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн номын сангийн анги, Соёл урлагийн их сургуулийн соёлын салбарын номын сангийн ангийн бакалавраар төгсөгчид, ЗХУ-ын Дорнод сибирийн соёлын дээд сургуулийн номын сангийн анги төгссөн мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдан ажиллаж байна.
Цагийн хүнд хэцүү үе бүхнийг даван туулахад үнэлж баршгүй хөдөлмөр зүтгэл гаргаж байсан анхны захирал А.Сэрчин, ахмад номын санч Д.Лида, П.Бадамханд, С.Лхамсүрэн, Т.Коовой, Б.Наранцэцэг, Ч.Бадамцэцэг, Д.Гансүх, Н.Солонго, Ш.Оюунсүрэн, З.Соёлмаа, Г.Нямцэнд, Дя.Сарантуяа, Да.Сарантуяа, Ц.Долгорсүрэн, П.Булгамаа, С.Нэргүй нарын мэргэжлийн хамт олноо бахархан дурьдахад сэтгэл хангалуун байна.
2000 оноос Монголын хөдөөгийн номын сангуудад нэгэн шинэ эрин үе эхэлсэн нь номын сангийн автоматжуулалтын асуудлыг шийдвэрлэх ажил байлаа. Манай номын сан анхны иж бүрэн компьютер хүлээн авч, анх интернетийн системд нэвтрүүлсэн явдал юм. Үүний үргэлжлэл болж манай номын сангийн дэргэд 2001 онд АНУ-ын ЭСЯам, Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-ын ивээн тэтгэлэгээр “Гадаадад сурах асуудлаар зөвлөгөө өгөх төв”, 2007 онд Дэлхийн банкны “Иргэдийн мэдээллийн төв” байгуулагдсан нь номын санд шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх, иргэдийг номын сангийн үйлчилгээнд татан оролцуулах таатай боломж бүрдсэн юм. Эдгээр төвүүдийн үйл ажиллагааны үр дүнд 60 гаруй хүүхэд гадаадын ямар нэгэн тэтгэлэгт хамрагдан суралцаж, нилээдгүй тооны иргэн, аж ахуйн нэгж, Дэлхийн банкны төсөл хөтөлбөрт хамрагдан ажлын байраа нэмэгдүүлсэн нь Аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
2009 оноос олон улсын номын сангийн Дьюгийн ангилал нэвтрүүлж, номын сангийн Lib-4U програмыг ашиглаж эхэлсэн нь манай аймгийн номын сангийн бас нэгэн хөгжлийн шинэ үе байлаа. Одоо манай аймгийн их, дээд , ЕБС-иудын номын сангууд бүгд олон улсын Дьюгийн ангилалд орж, номын сангуудын 70 орчим хувь нь номын сангийн ямар нэгэн програм ашиглаж байна.
Манай номын сан нь уншигчдын мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахад ихээхэн анхаарал тавьж ажилласнаар аймаг орон нутаг, хандивлагч байгууллагуудын туслалцаа дэмжлэгтэйгээр шилэн кабельд холбогдон, электрон каталогоо интернетийн орчинд гаргасан анхны, Аймгийн нийтийн номын сан болсон нь бидний амжилтын нэг хэсэг юм.
Аймгийн Төв номын сан нь хөрш ОХУ-ын Улан-Үдэ хотын номын сангуудтай байнгын харилцаа хамтын ажиллагаатай байж олон улсын “Книжный форум”, “Байкальский информационный форум”-д сүүлийн 5-6 жил тогтмол оролцож номын сангийн захирал С.Лхамсүрэн “Монголын болоод Дархан-Уул аймгийн номын сангийн өнөөгийн хөгжил, хэтийн төлөвийн талаар” илтгэл, мэдээлэл хийж, Буриад улсын радио, ТВ-ээр ярилцлага өгч, ахлах номын санч Ч.Бадамцэцэг “Монголын ном зүйн өнөөгийн хөгжил” сэдвээр илтгэл тавьж, манай бүх номын санчид ээлж дараагаар гадаад дотоодын олон арга хэмжээнүүдэд оролцож ирлээ.
Өдгөө Аймгийн Төв номын сан нь жилд дунджаар уншигчдын хэрэгцээ шаардлага хангахуйц 5.0 сая гаруй төгрөгийн шинэ номыг улсын төсөв, хандив, төсөл хөтөлбөрөөр авч, 10 гаруй нэр төрлийн тогтмол хэвлэлээр сан хөмрөгөө баяжуулж, 4.0 мянга орчим байнгын уншигч, 80.0 мянга орчим ирэгсдэд, 120.0 гаруй мянган боть ном хэвлэлийн бүтээгдэхүүн олгож сан хөмрөгийн 60-аас дээш хувь нь байнгын эргэлтэд ашиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, орон нутгийн удирдах байгууллагууд номын сангийн үйл ажиллагаа, фондын баяжилт, номын санчдын мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр ханган ажиллахад ихээхэн анхаарал тавьж дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, уншигчдын хүрээг нэмэгдүүлэх, төв суурин газраас алслагдсан сум, суурин хот, айл, үйлдвэрийн ажилчдад зөөврийн номын сангаар үйлчлэх нүүдлийн номын сангийн машин, номын сангийн тоног төхөөрөмж /ном, сонингийн тавиур, сандал ширээ, компьютер, канон, каталогийн шүүгээ г.м/-үүдээр хангагдан , “Шилдэг ном” –ыг шалгаруулан санхүүжүүлж номын сангуудад олгох болсон ба номын сангийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх 21 хоног, мэргэжил олгох эчнээ, ажлын байрнаасаа хөндийрэлгүй сурах боломж олгосон “Онлайн” сургалт зэрэг үлэмж их арга хэмжээнүүдийг авсаар байгаа нь номын санчид, уншигчдын талархлыг хүлээсэн сайхан ажил болж байна.
Аймгийн Төв номын сан нь харьяалал харгалзахгүй өөрийн орон нутагт байгаа их, дээд, ЕБС-ийн номын сангуудтай ажлын уялдаа холбоотой ажиллаж, тэднийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангахын зэрэгцээ, сургалт-семинарыг ССАЖ-ын яам, Соёлын боловсролын сургуультай хамтран байнга зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн номын сангийн фондын баяжилтыг нэмэгдүүлэх, номын санг мэдээллийн төв болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Аймгийн ИТХ-ын 2012 оны 30 дугаар тогтоол гарч “Ном” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь манай аймгийн онцлог, давуу тал болж байна.
Дархан-Уул аймгийн төв номын сан нь 1964 онд байгуулагдсан. Төв номын сан нь “Залуучууд” театрын зүүн жигүүрт, хуучин Дарханы 4-р багийн нутагт байрлах “Монто-5”-д салбар номын сан, 8-р багийн нутагт байрлах Дэвшил хотхонд архивын фонд байрлаж байна.
Үйлчилгээний хоёр номын сан 120 хүний суудалтай 3 уншлагын танхимаар үйлчилдэг.
60 гаруй мянган боть номын фондтой
Архивийн фонд, гадаад хэлний фонд, ойрын хоёр фондтой.
Жилдээ 3800 гаруй байнгын уншигчдад, 60000 ирцэд, 110000 гаруй боть номоор үйлчилдэг.
Номын сангийн үйлчилгээний хүрээг өргөтгөх, ном хэвлэлээ сурталчлах, уншигчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, тэднийг бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх номын сангийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор ном тойрсон төрөл бүрийн олон талт ажлуудыг, орон нутгийн засаг захиргаа, ТББ, хэвлэл мэдээлэл, бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажилладаг.
Манай хаяг:
Шинэ Дархан Залуучуудын театрын зүүн жигүүр,
Утас: 7037-7937,
Хуучин Дархан 4-р баг 5-р байр
Утас: 02372-42719
Вэб сайт: www.Darlib.mn
www.facebook.com/nomiin san darkhan
nomiinsan.2017@gmail.com
Электрон каталог хаяг:
Darkhan.lib4u.net
Нийтлэгдсэн: 2019-01-29 08:30:54