Монгол Улсад Анхдугаар хууль батлагдсан, Тусгаар тогтнолоо тунхагласны түүхт 95 жилийн ойн өдрийг угтан Дархан-Уул аймагт “Иргэний андгай өргөх ёслол”-ын арга хэмжээг 17 дахь жилдээ Хүүхэд хөгжлийн ордонд зохион явууллаа.
2019 онд аймгийн хэмжээнд 1400 гаруй хүүхэд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардаж байгаа юм. Өнөөдрийн “Иргэний андгай өргөх ёслол”-д тэдний төлөөлөл болох 99 хүүхэд оролцон Монгол Улсын Иргэний андгайг уншлаа.
Тус ёслолд аймгийн Засаг дарга С.Насанбат оролцож, иргэний үнэмлэхээ гардаж буй хүүхдүүдэд хандаж үг хэллээ. Тэрээр: -“...Энэ цаг мөчөөс эхлэн та бүхэн Үндсэн хуулинд тунхагласнаар улсынхаа ачаанаас хамтад нь үүрэлцэх, Монгол Улсын бүрэн эрхэт иргэн нь болж байна.
Эх орныхоо эс ширхэг нь болсон иргэн бүр өөрт оноогдсон үүрэг хариуцлагаа ухамсарлан, зорилгоо тодорхойлон, сурч боловсрон, хөдөлмөрлөж байж улс орон маань хөгжинө.” гэв.
Энэ үеэр Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч А.Соронзонболд “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдвээр лекц тавьсан юм. “Иргэний андгай өргөх ёслол” нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахуун, өндөр соёлтой, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархдаг үзлийг төлөвшүүлэх зорилготой бөгөөд энэ жил Дархан-Уул аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбоо, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.