2020 ОНЫГ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”, “АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ”, “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар Хуралдаанаар /2019.12.02/ Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны үндсэн чиглэлийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2020 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”,  “Ажлын байрыг  нэмэгдүүлэх жил”, “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байна.
Үүний дагуу Төрийн удирдлагын чиглэлээр 1 бүлэг, 12 арга хэмжээ, Хууль, эрх зүйн чиглэлээр 1 бүлэг, 4 арга хэмжээ, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр 1 бүлэг, 18 арга хэмжээ, Нийгмийн бодлогын чиглэлээр 1 бүлэг, 26 арга хэмжээг төлөвлөжээ.
Тухайлбал Төрийн удирдлагын чиглэлээр “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг шинэчилж хэрэгжүүлэх, Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, төрийн албан хаагчдыг бэлтгэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх танхимын болон зайн сургалтын хамрах хүрээг нэмэгдүүлж, төрийн албаны мэргэшсэн, чадварлаг байх нөхцөлийг бүрдүүлэх, аймгийн “Нээлттэй утас” /70371212/-ын нэгдсэн программыг төрийн байгууллагуудад холбож ашиглалтыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг сайжруулах, Дархан сумын Малчин баг “Багийн хөгжлийн төв”-тэй болох, “Ухаалаг Дархан” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, төрөөс цахим хэлбэрээр хүргэх үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ”-ийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдыг гадаад улсад мэргэжлийн чиглэлээр дадлага, сургалтад хамруулах, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартын хэрэгжилтийг байнга сайжруулах, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй ажлын байр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахаар зорьж байгаа бол Хөгжлийн бодлогын чиглэлээр Дархан-Шарын гол чиглэлийн 48 км авто зам, авто замын байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх, Гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, Арьс шир, ноос ноолуур боловсруулах  үйлдвэрийг байгальд ээлтэй цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, Дархан сум /Дархан хот/ -ын төв цэвэрлэх байгууламжийг  шинэчлэх,  тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийх, Дархан сум /Дархан хот/-ын хуучин суурьшлын бүс,  үндсэн тосгоны дахин төлөвлөлтийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, Хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэх орчин нөхцөлийг сайжруулах, Дархан сумын алслагдсан багийн гэр  хорооллын хүүхдүүдэд зориулсан автобусны тусгай үйлчилгээ үзүүлэх, 4224 мкв бүхий Музей, Номын сангийн цогцолбор  барилгын бэлтгэл ажлыг эхлүүлэх, нийтийн зориулалттай орон сууцнуудын нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтыг сайжруулах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.


Нийтлэгдсэн: 2019-12-03 10:20:00