АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУС МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛСНИЙ 30 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА

Энэ хүрээнд өнөөдөр /2021.10.28/ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн БСУГ-ын дарга С.Галбадрах, Их дээд сургууль, коллежийн захирлууд Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал Ким Мансарайтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Дэлхийн нийтийн энх тайвны нөхөрлөлийг эрхэм зорилгоо болгосон АНУ-ын Энх тайвны корпус Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ талархал илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд 21 аймгийн 160 гаруй суманд англи хэл, бизнес, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр олон хөтөлбөрт 1400 гаруй сайн дурын ажилтан ажиллажээ.

Харин манай аймагт 1992 оноос эхлэн сайн дурын ажилтан ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 60 сайн дурын ажилтан ерөнхий боловсролын болон их дээд сургууль, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эмнэлгүүдэд ажилласан байна.

Цаашид сайн дурын ажилтныг аймагтаа хүлээн авч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр өнөөдрийн уулзалт өндөрлөсөн юм.

 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар


Нийтлэгдсэн: 2021-10-28 17:01:00