Миний хувьд хувьд шударга байдал гэж худал хэлдэггүй, хууль дүрмээ мөрддөг, авлига авч өгөхгүй байхыг хэлнэ. Хэрвээ хүн Шударга ёсыг сахихгүй бол Монгол орны хөгжлийн хувьд аюултай. Хахууль өгөх, авлига авах нь гэр бүл, найз нөхөд, бизнес эдийн засагт цаашлаад Монгол орныг хөгжихөд саад учруулна гэж би боддог. Шударга байх нь баян байхаас чухал ч гэсэн үргэлж шударга байх боломжгүй нийгэмд бид амьдарч байна. Яагаад гэвэл худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусад хүмүүсээс илүү амжилттай явах талтай байдаг гэж хүүхдүүд ойлгодог.
Шударга ёсыг сахих хэрэгтэйг ойлгуулах анхдагч орчин бол гэр бүл найз нөхөд сургуулийн орчин юм. Мөн олны танил хүмүүс, урлаг спорт, сошиал орчин хэвлэл мэдээлэл биенес эдийн засгийн салбар нөлөө үзүүлдэг байна. Томчууд найз нөхөд, ажлын газрынхан, өөр айлын хүн, багш гээд том хүмүүстэй ялгаатай харьцдаг. Харин хамгийн ихээр хайрлах ёстой өөрийнхөө хүүхдийн дэргэд ёс зүйтэй, шударга байж чаддаггүй, муухай зангуудаа ичилгүй харуулдаг том хүмүүс олон байдаг.
Хүүхдийнхээ дэргэд худал хэлэх, бусдад утсаараа худлаа ярьдаг, бас ажлаа муухай шударга бус аргаар бүтээж байгаагаа ярихыг хүүхэд сонссон л байдаг. Гэртээ бусдыг муу хэлэх, дорд үзэх байдал хүүхдийнхээ дэргэд гаргахаар хүүхэд бусад хүүхдийг тэгж ялгаварлан гадуурхдаг болдог. Бас багш ялгаварлан гадуурхаж болохгүй гэх мөртлөө өөрөө хүүхдүүдэд ялгаатай ханддаг. Хүүхэд багшаас бас ёсзүйгүй байхыг сурч байна. Хүүхдүүд гэр бүл нь дүүг нь цэцэрлэгт оруулахын тулд авлига өгдөг нь эцэг эх нь сургууль эсвэл цэцэрлэгт шилжүүлэхийн тулд мөнгө өгдөг гэж боддог. Сургуулийн орчинд хүүхдүүдийн хувьд таагүй хандах асуудал тулгарч байсан ба энэ нь анги дэвших тусам нэмэгддэг. Доромжлох, дээрэлхэх асуудал бүр дасал болсон зүйл. Дээд ангийн хүүхдүүд доод ангийнхныг үг хэлээр доромжлох зүйлс хэвийн мэт болсон. Сурч байгаа сургуулиар нь доромжилдог. Манай сургуулийг гэр хорооллын сургууль гэх мэтээр доромжилдог. Ангиар нь гадуурхдаг. Танай анги угаасаа муу гэх мэтээр ялгаварладаг.
Хүүхдүүдийн дунд үе тэнгийн дарамт их байдаг. Ялангуяа нэгэндээ хоч өгөх, үг хэлээр доромжлох тохиолдол их байдаг. Ангийн багшдаа хэлэхэд нэг удаадаа л арга хэмжээ аваад л өнгөрнө. Зарим багш нар бүр тоодог ч үгүй. Сургалтын менежерт хэлэхээр ямар ч арга хэмжээ авдаггүй ба хүүхдүүд өөрсдөө л энэ асуудалтай нүүр тулахаас өөр гарцгүй болдог.
Эцэг эхдээ хэлэх гэхээр ангид болсон зүйл ангидаа л өнгөрөх ёстой гэх ба эцэг эх багш нар хоорондоо тулж ажиллаж байгаа юм байдаггүй. Багш, менежерт хэлээд нэмэр байхгүй учраас бид чимээгүй л өнгөрдөг. Гэтэл бид чинь хүүхдүүд шүү дээ. Аливаа асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй, үе тэнгийнхэндээ дарамтлуулаад яваад байх нь бидний зан чанар сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг.
Багш нар хичээлд хамаарахгүй ном, захиалгын сонин, сэтгүүл, тасалбар болон бусад эд зүйлс авахыг санал болгодог хэвээрээ байгаа бөгөөд хэрэгцээгүй, хүсээгүй зүйл хүчээр худалдан авах нь олон хүүхдэд дарамт учруулдаг билээ. Хүүхдүүдээс мөнгө хураах нь өгч чадаагүй, боломжгүй айлын хүүхдүүдийн хувьд дарамт болж байна. Үе тэнгийнхнээсээ ичих, цаашлаад гэр бүлийнхээ амьдралын түвшинд сэтгэлээр унах зэрэг олон асуудал тулгардаг. Энэ нь хүүхдүүийн хувьд суралцах хүсэл эрмэлзлэл, хүсэлд сөргөөр нөлөөлж байна.
Сургуулийн орчин, гэр бүлийн орчин мөн өнөөгийн нийгэм хүүхдүүдийн шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт, хандлага, зан байдал цаашлаад тэдний хувь хүн төлөвшилтөд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Шударга байдлыг дэнслэх хүүхдийн ёс суртахуун, зан байдал томчуудаас шалтгаалан ийнхүү сөргөөр төлөвшин хөгжиж байгаа нь урт хугацаандаа тааж баршгүй сөрөг үр дагавар, нийгмийн хямралыг бий болгох эрсдэл, аюулыг дагуулж байна. Иймд амьдралд үг, үйлдлээрээ хүүхдэд үлгэр дуурайлал үзүүлдэг насанд хүрэгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын зорилгыг ахин эргэн санаж, хүн амьдралдаа насан турш биеэ авч явах хэм хэмжээ болсон ёсзүйдээ анхаарч, зөв дуурайлал өгдөг байгаасай гэж хүүхдүүд бид хүсэж байна.
Cургуулиуд хүрч болохуйц бодитой зорилт тавьж, багш, сурагчдыг хуурамч амжилтаас татгалзах ажлыг зохион байгуулж, сурган хүмүүжүүлэх үйл явцыг хүчирхийллийн аливаа хэлбэрийг хэрэглэхгүйгээр явуулах багшийн ёсзүйн дүрмийг сурагчид, эцэг эхэд нээлттэй танилцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Сургуулийн сурагч, багш, ажилтнууд, удирдлагад бүгдэд үйлчилдэг сургуулийн дүрэм журмыг хүүхдүүдийн оролцоотойгоор баталдаг байж, багш, ажилтан удирдлагад хүүхдийн эрх, хүний эрхийн мэдлэг мэдээллээр тогтмол хангадаг байж, хүүхдийг сонсдог ил тод байдлыг хөгжүүлэх шаардлагатай ба үүрэг хүлээгчид болон хүний эрхийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулаасай.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Нийтлэгдсэн: 2021-11-04 10:00:06