ДАРХАНД 960 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИГДАНА

Дархан-Уул аймаг өнгөрсөн 8 жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч 17 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан. Харин өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн барилгыг өргөтгөх болон шинээр барьж ашиглалтад оруулахад анхаарч байна.

Энэ онд "Боловсрол-2032" хөтөлбөрийг баталж 2024 он хүртэл төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 5-аас доошгүй сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Дээрх таван сургуулийн нэг нь Дархан сумын 15 дугаар баг буюу Хүслийн хотхоны дэргэд 960 хүүхдийн сургуулийн барилга юм.

Өнөөдөр /2021.12.23/ тус ажлыг эхлүүлэхээр “Би Энд Би констракшн” ХХК, Азийн хөгжлийн банкны төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

960 хүүхдийн сургуулийн барилгийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс гаргах юм.

Гүйцэтгэгчээр ажиллаж буй “Би Энд Би констракшн” ХХК нь барилгын чиглэлээр 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд барилгын ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлүүлж 2023 оны 10 дугаар с арын 31-нд дуусгахаар төлөвлөжээ.

1 га талбайд барилгажилт хийгдэх бөгөөд төлөвлөлтөөрөө шинээр баригдах сургуулийн ойр орчмын тохижилт, ногоон байгууламж, спорт талбай, сургуульд хэрэглэгдэх бүх тоног төхөөрөмжийг давхар шийдэх юм байна.

Тэд яг одоо сургуулийн барилга барих газарт ажиллаж байна.


Нийтлэгдсэн: 2021-12-23 16:00:00