“БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛОВ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран “Боловсролын багц хуулийн төсөл”-ийн цуврал хэлэлцүүлгийг энэ удаа Дархан-Уул аймагт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хойд бүсийн Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Булган аймгаас нийт 400 орчим төлөөлөл оролцов.
Багц хуулийн төсөлд:
1. Боловсролын ерөнхий хууль
2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль
3. Дээд боловсролын тухай хууль
4. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль
5. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль
6. Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль гэсэн салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулах, томоохон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах зургаан хуулийн төсөл хамаарагдаж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид боловсролын чанарын үнэлгээ, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, сурагчдад тэгш гараанаас суралцах боломж олгох, үр дүнд суурилсан, чанар дээр үндэслэсэн санхүүжилтийн тогтолцоог бий болгох зэрэг багц хуулийн төсөлд тусгагдсан зүйл заалтуудтай холбогдуулан өөрсдийн үнэтэй саналаа илэрхийлсэн юм.
“Боловсролын багц хуулийн төсөл”-ийг Улсын Их Хурлын Намрын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн аж.

 


Нийтлэгдсэн: 2021-12-13 17:05:32