Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд хүүхдийн сурч, хүмүүжих орчин буюу цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны дарга, Төлөөлөгч А.Янжмаа, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн дарга Ж.Мөнхжаргал болон холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг 10 дугаар цэцэрлэгт ажиллаж, “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд зохион байгуулах ажлыг танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм.
Эхний ээлжид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цахилгааны үүсгүүр, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй байдлын нөхцөл, эрсдлийг газар дээр нь үзэж тодорхойлох бөгөөд өнөөдөр /2022.03.03/ 4, 5, 7, 10 дугаар цэцэрлэг, Од цогцолбор сургууль дээр мэргэжлийн байгууллагууд ажиллалаа.
Энэ сарын 3-7-ны өдрүүдэд цахилгааны аюулгүй байдлын эрсдлийн зэргийг тодорхойлж, дотор монтаж нь ил, олон залгаатай, шалбархайтай, нэг разетканд олон залгуур залгах, шүүгээ, ширээний дотор автомат, гал хамгаалагч зэргээ байрлуулж, цахилгаанаас үүдэлтэй гал гарах нөхцөл байгаа эсэхэд үзлэг хийх бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зөрчлийг засварлах, аюулгүй болгох дараа дараагийн шатны арга хэмжээнүүдийг төлөвлөх юм.
ЦДҮС ТӨХК-иас өөрсдийн нөөц бололцоог ашиглан нийтлэг зөрчил дутагдлыг засварлах бөгөөд шинэчлэх шаардлагатай томоохон эвдрэл гэмтлийн засварын зардлыг орон нутгаас шийдвэрлэхэд анхаарч ажиллана.
Нийтлэгдсэн: 2022-03-03 16:28:14