ХҮҮХЭД_БҮР_ҮРСЭЛГЭЭ_БЭЛТГЭГЧ
Дархан–Уул аймгийн 6 дугаар цэцэрлэгийн багш нар бяцхан шавь нартаа хүнсний нарийн ногоо болон төрөл бүрийн цэцэг, модны үрсэлгээ хэрхэн бэлдэх, бэлдсэн үрсэлгээгээ яаж зөв тарьж ургуулахыг эхнээс нь зааж сургаж экологийн боловсрол олгодог байна.
Дархан сумын ИТХ-аас тус цэцэрлэгт 300 ширхэг Буйлсны үр өгснийг хүлэмжиндээ үрслүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан #Тэрбум_мод_үндэсний_хөдөлгөөн, #НогоонДархан_2032" хөтөлбөрийн хүрээнд тус цэцэрлэгийн багш, шавь нар хамтран үрслүүлсэн мод, цэцгээ тарьж ургуулан анги танхим, гадна орчныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хотынхоо ногоон хөгжилд илүү их хувь нэмэр оруулахаар зорьж байна.
Тус цэцэрлэгийнхэн “Монгол ногоо” төслийн хүрээнд хүүхэд багачуудынхаа хамтаар нийт 479кг хүнсний ногоо тарьж хураан авчээ. Мөн 2016 оноос Монголыг ойжуулах Японы” Жагмо” нийгэмлэгтэй хамтран Эко орчин бүрдүүлэх ногоон төслийг хэрэгжүүлэн хашаандаа 350 гаруй шар хуайс, хайлаас модыг тарьж ургуулжээ. 2018 онд баг хамт олноороо нарс, монос, голт бор, гацуур, агч, буйлс, тэхийн шээг зэрэг 10 аад төрлийн 60 гаруй мод тарьжээ.
2021 онд “Ногоон-Дархан” хөтөлбөрийн хүрээнд багш, ажилтан ажиллагсад, эцэг эхчүүд, шавь нарынхаа дунд “Цэцэрлэгтээ мод тарьцгаая” “Ногоон төгөл”, Төгсөгчдийн төгөл” зэрэг челленжүүдийг амжилттай хэрэгжүүлэн 8 төрлийн 600 гаруй мод тарьсан байна.

 


Нийтлэгдсэн: 2022-05-16 08:30:32