Зөгийхөн төслийн хүрээнд Дархан сумын ЕБ-ын 8 сургуульд ахлах болон дунд ангийн сурагчдын хэрэгцээнд зориулсан комьпютер болон принтерийг хүлээлгэн өглөө
Гүүд Нэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ /Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр/-өөс 2023.05.01-ний өдөр Гэрэл асаа болон Зөгийхөн төслүүдийг танилцууллаа. Гэрэл асаа төслийн хүрээнд бид Дархан-Уул аймгийн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхээр ажиллаж байгаа ба нийт 2650 сурагчдыг хамруулсан компанит ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг төслийг хэрэгжүүлэхдээ Туршлага нэгт дэмжигч болон Эдгэрэлд чиглэсэн үйлчилгээг Монгол Улсад нутагшуулан сэтгэл зүйн аливаа асуудлыг туршлагаа хуваалцан даван туулах системийг бий болгохоор зорьж байгаа билээ. Мөн төслийн хүрээнд зорилтот сургууль болох Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй Цогцолбор сургуулийн А байран дахь Сэтгэл зүйн 2 өрөөг засаж тохижуулах, Туршлага нэгт 5 дэмжигчийг чадавхжуулан сургах, гарын авлагыг боловсруулан гаргах, Дархан-Уул аймгийн нийт 17 сэтгэлзүйч, ЕБ-ын сургуулиудын 25 эрүүл мэндийн багш, 25 нийгмийн багш ажилчдыг чиглүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Сүн Хён, БШУГ-ын дарга Л.Буянтогтох нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Зөгийхөн төслийн хүрээнд Гүүд Нэйборс Монгол ОУТББ-ын Мангирт ОНХХ-ийн дэргэдэх Хүүхдийн эрхийн клубын гишүүд санаачлан Дархан сумын ЕБ-ын 8 сургуульд ахлах болон дунд ангийн сурагчдын хэрэгцээнд зориулсан комьпютер болон принтерийг хүлээлгэн өглөө. Энэхүү төслийн гол онцлог нь хүүхдүүд үе тэнгийн хүүхдүүдийнхээ дуу хоолой болж тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал санаачлагыг гаргаж нийт 20 сая төгрөгийн санхүүжилт босгож чадсанд оршиж байгаа юм.

Нийтлэгдсэн: 2023-05-02 11:21:08