Эцэг, эхчүүдэд зориулсан анхны дохионы хэл бие даан сурах видео хичээл боловсруулагдлаа
Дохионы хэлний шинэ сургалтын платформ болох "Ярьдаг гар-1" төслийн танилцуулга өнөөдөр /2017.11.27/ БСШУСЯ-нд боллоо. БСШУСЯ, ХНХЯ, Нийслэлийн боловсролын газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн үндэсний төв, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, тусгай хэрэгцээт 168 дугаар цэцэрлэг, “Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо”, “Бүх нийт боловсролын төлөө” ИНБҮЭ, “Сайн боловсролын төлөө” ТББ хамтран энэхүү төсөл дээр ажилласан юм. Төслийг Канад сангийн “Орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн санхүүжилтээр “Монголын багш-эцэг, эхийн холбоо” ТББ хэрэгжүүлжээ.
“Ярьдаг гар-1” төсөл нь зөвхөн сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх тэдний гэр бүлийн гишүүдээс гадна дохионы хэл сурахыг хүссэн хүн бүхэн сурахад тохиромжтой байдлаар боловсруулагдсанаараа онцлог юм. Төслийн хүрээнд 20 цуврал видео хичээл, дасгалын номын хамт боловсруулагдсан байна. Энэхүү видео хичээл, номыг ашигласнаараа эцэг, эхчүүд анхан шатны дохионы хэл бие даан сурч, түүнийгээ хүүхэддээ зааж өгөхөд суралцах юм.
Туршилтаар 20 эцэг, эх нийслэлийн есөн дүүргийн сургуулийн өмнөх боловсрол болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан комиссын гишүүд сургалтад хамрагдсан аж. Монгол Улсын хувьд 0-18 насны сонсголын бэрхшээлтэй 10 хүүхэд тутмын 9 нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалан боловсролын үйлчилгээ хүртэж чадахгүй байна. Үүнээс үүдэн дохионы хэлээ сурч чадахгүй хөгжлөөрөө хоцрогдож байгааг төслийг хэрэгжүүлэгчид анхааруулж байлаа.
Нийтлэгдсэн: 2018-03-03 20:17:09