Томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2019.01.18/ аймгийн Засаг даргын орлогч дарга А.Түвшинбат холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ. Аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний хувь хэмжээ өнөөдрийн байдлаар 9.7 хувьтай байгаа бөгөөд цаашид өвчлөлийн прогноз ямар байх талаар яаралтай судалж мэдээлэхийг Эрүүл мэндийн газарт даалгав. Мөн Шарын гол сумын хэмжээнд 0-15 насны хүүхдүүдийн дунд Томуу томуу төст өвчний дэгдэлт ихсэж амбулаторийн үзлэгийн дунджаар томуугийн эзлэх хувь 17 хувь болж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц багасан өвчлөлийн хувь 20-35 хувьд хүрсэн учраас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалаар баталсан журмын 2.4.1 дэх хэсгийг үндэслэн цэцэрлэг сургууль зэрэг хүүхдийн байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах, нийтийн цуглааныг хязгаарлахыг тус сумын Онцгой комисст үүрэг болголоо. Өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр БСШУС-ын яамны сайдын А/25 тоот тушаал гарч Ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн удирдлагуудад уг шийдвэрийг танилцуулан томуугийн дэгдэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагуудтай төлөвлөгөө гарган хамтран ажиллахыг БСУГ-т үүрэг болголоо.
Нийтлэгдсэн: 2019-01-18 16:21:21