Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан

“ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-Д ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЛАА

Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр төлөвлөсөн зорилтуудыг хэрэгжүүлэх, монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, сурах, хөдөлмөрлөхөд таатай орчин нөхцөлөөр хангах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хөгжлийн үйлчилгээг гэр бүлд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна. 


Нэн тэргүүнд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд иргэдийн саналыг Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан авч тусгах ажлыг өнөөдөр /2019.01.16/ зохион байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцүүлэгт төрийн байгууллагын албан хаагчид болон орон нутгийн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж зэрэг салбар салбарын төлөөллүүдээс бүрдсэн нийт 130 гаруй хүн оролцож өөрсдийн үзэл бодол, саналаа илэрхийллээ.


Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлого, хэрэгжилт, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Мягмаржаргал “Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, үйлчилгээний хэрэгцээ” сэдвээр, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны Шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан “Гэр бүл цуцлалтын өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм. 
2017 онд “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв” 
2018 онд Зөвлөгөө өгөх төвийн дэргэд “Ганцаарчилж уулзах өрөө”-г 1.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж байгуулсан.
“Сэтгэл зүйчдийн клуб”-ыг дэргэдээ байгуулсан. 
2017 онд тус төвөөр 188 иргэн, 2018 онд 260 иргэн хамрагдан, өмнөх оны мөн үетэй хариуцуулахад 1,3 дахин нэмэгдсэн.
Мөн ОНХС-ийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Түр хамгаалах байр”-ыг байгуулсан.
/Сүүлийн 17 жилийн хугацаанд цуцлалт 4 дахин нэмэгджээ/


Мөн хэлэлцүүлэгт оролцогчдыг бүлэгт хуваан, тэднийг харилцан санал бодлоо солилцох хэлбэрээр “Гэр бүлд хүргэх хөгжлийн үйлчилгээ”-ний талаар бодит ажил болох санал санаачилга, төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулснаараа онцлогтой боллоо. 
Энэ үеэр “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд сар бүрийн нэг өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох, архигүй өдрийн тоог нэмэгдүүлэх, байгууллага, аж ахуй нэгж бүр “Эцэг эхийн зөвлөл” байгуулах, түүгээр дамжуулан гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлийн ажлуудыг зохион байгуулах, “Эрүүл монгол гэр бүл”-ийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх зэрэг олон саналыг гаргалаа.


Нийтлэгдсэн: 2019-01-16 14:14:00